БАЯН-ӨЛГИЙ: Он гарснаас хойш 1441 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-14 15:33:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2022 он гарснаас хойш нийтдээ 1441 газар хөдлөлт бүртгэгдсэн гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас мэдээллээ.


Ихэнх газар хөдлөлтийн хүч сул байсан тул нутгийн иргэдэд мэдрэгдээгүй байна. Харин 3,5 магнитудаас дээж хүчтэй гурван удаагийн чичирхийлэл бүртгэгджээ. Тодруулж хэлбэл, нэгдүгээр сарын 6-ны өдөр Алтанцөгц сумын нутагт 3,9, 3,6, долоодугаар сарын 7-ны өдөр Цэнгэл сумд 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.


Мөн аймгийн төв Өлгий хотод голомт нь ойрхон 3,0, 3,4 магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болжээ.



Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. 1983 онд хийсэн Монгол Улсын газар хөдлөлтийн бичил мужлалын зурагт тус аймгийг 8-9 баллын магнитудын хүчтэй газар хөдлөлтийн бүсэд багтаасан байна. Аймгийн нутаг дэвсгэр нь Ховд гол дагуу байрладаг учраас сэвсгэр хөрстэй байдаг. Сэвсгэр хөрс нь газар хөдлөлтийн энергийг маш сайн дамжуулдаг онцлогтой ажээ. 


Холбоотой мэдээ