Инженерийн хийцтэй 15 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн баруун бүсийн сумдад орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 15 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулсан байна. Уг ажлыг "Ундрага Өмнөговь" ХХК гүйцэтгэн малчдад нь хүлээлгэн өгчээ.
Харин зүүн бүсийн сумдад ажил гүйцэтгэх "Болор Ус" ХХК нь худгуудад судалгаагаа хийгээд, тоног төхөөрөмжөө татаж, ажлаа Даланзадгад сумаас эхлээд байгаа бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг 9 дүгээр сарын 1 хүртэл сунгасан ажээ.
Мөн зүүн бүсийн сумдад инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж байгаа "Эрхэм сүлд Монгол" ХХК нь нэмэлт гэрээ байгуулан Даланзадгад сумын айргийн амралтын 1, мод үржүүлгийн 2, Ханхонгор сумын 2, Баян-Овоо сумын 2 худаг шинээр гаргах ажлыг дуусгаад одоо Номгон сумын Эмгэнбулаг багт ажиллаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр гаргаж байгаа болон нарны ус өргүүр суурилуулах худгийн ажилд аймгийн ХХААГ-аас хяналт хийхэд "Эрхэм сүлд Монгол" ХХК-ийн ажил хэвийн, "Болор Ус" ХХК-ийн ажил удаашралтай байгаа юм байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн