ЗАВХАН: Намрын мод тарих сарын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-17 14:16:29

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт намрын мод тарих сарын ажил үргэлжилж байна.

Энэ удаагийн мод тарих ажилд Улиастай сумын төр, хувийн хэвшлийн байгууллагын 320 алба хаагчид зургаан төрлийн 4490 ширхэг мод, бут тариад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн зарлах тухай” 2021 оны 58 дугаар зарлиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар албан даалгаврын дагуу намрын мод тарих сарын ажил аймгийн 24 суманд үргэлжилж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл Завхан аймаг 25 сая мод, Улиастай сум 5 сая модыг тарьж ургуулна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Алдархаан сумын нутагт орших Яруугийн хүрээний туурийг хамгаалах зорилгоор "Яруугийн эрдэнийн шим" төслийн хамт олон 10 га бүхий талбайд хамгаалалтын тор татаж, 3543 ширхэг мод тарьжээ. Тэд модыг арчилж ургуулах тал дээр цэнэг усалгааг хугацаанд нь хийж амьдралтын хувь 60 хувь болох үед нь Алдархаан суманд хүлээлгэн өгөх аж.

Харин хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг Жавхлант хийморь хоршоо болон авто тээврийн төвийн хамт олон хуваарьтай талбайдаа буюу Улиастай сумын Богдын голын сав дагуух газар 250 ширхэг мод тарьжээ.



Улиастай сум иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд жилийн хоёр улиралд буюу хавар, намар байгууллагынхаа гадна хашаа болон хуваарьт газрууд, амины хашаандаа мод тарихыг уриалж, арчилж, тордож ургуулсан модны тоогоор нь урамшуулал олгохоор болжээ. Тэгвэл өнгөрсөн хаврын тарьсан модоо арчилж, ургуулсан аж ахуйн нэгж байгууллагууд мөн үеэр нийт 2780 ширхэг модыг Улиастай суманд хүлээлгэн өглөө гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 







Холбоотой мэдээ