ЕХ Ираны ёсзүйн цагдаагийн албанд хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-18 15:49:33

БРЮССЕЛЬ. /kommersant/. Европын Холбоо (ЕХ) эсэргүүцлийн жагсаалын үеэр хүч хэрэглэсэн хэмээн Ираны 11 иргэн, дөрвөн байгууллагад хориг арга хэмжээ авсан тухай ЕХ-ны албан ёсны сэтгүүлд нийтэлсэн баримт бичигт дурджээ. 


Хязгаарлалтыг Ираны ёсзүйн цагдаа, “Басиж” ардын журамт цэрэг, түүнчлэн Лалын хувьсгалыг хамгаалах корпусын кибер аюулгүй байдлын командлал болон аюулгүй байдлын хүчний "Фараж" төвд тавьсан байна. 


Баримт бичигт дурдсанаар, Ираны ёсзүйн цагдаагийн албыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, эмэгтэйчүүдийг хууль бусаар саатуулж, эрүүдэн шүүсэн гэж буруутгажээ. 


“Ёсзүйн цагдаа Ираны хижаб зүүх тухай хуулийг дагаж мөрдөөгүйн төлөө эмэгтэйчүүдийн эсрэг хууль бусаар хүч хэрэглэсэн” гэж баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна. 


Иранд Махса Амини гэх бүсгүй толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан явдлаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал есдүгээр сарын сүүлчээр эхэлсэн юм. Төрөл төрөгсдийнх нь хэлж буйгаар, бүсгүй саатуулагдаж байх үедээ зодуулсан нь үхлийн шалтгаан болжээ. Харин Ираны эрх баригчид бүсгүйг өвчтэй байсан гэж мэдэгдэж байгаа юм. 


ЕХ-ны дипломат албаны тэргүүн Жозеп Боррель жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн нь зөвтгөх аргагүй, хүлээн зөвшөөрч боломгүй явдал хэмээгээд Европын гадаад хэргийн сайд нар 10 дугаар сарын 17-нд Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээг баталсныг мэдэгджээ. 


Харин Ираны Засгийн газар тус улсад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд АНУ-ыг буруутгаж байна.

Холбоотой мэдээ