Энэтхэгийн пуужин “OneWeb” компанийн хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-24 13:58:49

ШИНЭ ДЕЛИ. /Al Jazeera/. Украины дайны улмаас хэдэн сар хойшилсны эцэст Их Британийн “OneWeb” компанийн интернэтийн үйлчилгээ үзүүлэх 36 хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулснаа Энэтхэгийн сансрын агентлаг мэдээлжээ.


Энэтхэгийн төрийн мэдлийн “New Space India Limited компани болон “OneWeb компани хооронд байгуулсан арилжааны гэрээний нэг хэсэг болох хиймэл дагуул хөөргөх энэхүү ажиллагаа амжилттай болсныг Энэтхэгийн Сансар судлалын байгууллага /ISRO/ ням гарагт зарласан байна. 


Хиймэл дагуулуудыг ням гарагт орон нутгийн цагаар 12:07 цагт Андхра Прадеш муж дахь "Сатиш Даван" сансрын төвөөс LVM3” шинэ пуужингаар хөөргөжээ. Энэ нь "LVM3" пуужингийн анхны арилжааны хөөргөлт болохыг Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын захирал Средхара Паникер Соманат онцолжээ. 


"OneWeb" компанийн хувьд 14 дэх удаагийнх болж буй энэ удаагийн хөөргөлтөд ихэвчлэн Засгийн газрын сансрын төхөөрөмжүүдийг хөөргөхөд ашигладаг Энэтхэгийн хамгийн хүнд пуужинг ашигласан байна. "OneWeb" анхны хиймэл дагуулаа 2019 онд хөөргөжээ. 


Москва Украин руу халдан довтолсонтой холбогдуулан Оросын сансрын агентлагтай гуравдугаар сард хамтын ажиллагаагаа тасалснаас хойш "OneWeb" компани хиймэл дагуулуудаа анх удаа хөөргөсөн нь энэ юм. 



Холбоотой мэдээ