Японы оны шилдэг машинаар “Subaru Forester” шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2025-12-05 17:12:30

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /Kyodo/. Японы оны шилдэг машинаар “Subaru” корпорацын “Forester” машин тодорсноор 2025 оны хамгийн шилдэг суудлын авто машин боллоо гэж сонгон шалгаруулах хорооноос пүрэв гарагт мэдэгджээ. 


Японы Оны шилдэг машиныг тодруулах хорооны мэдээлснээр, энэхүү хос хөдөлгүүртэй жийп машин нь жолоодлого, практик хэрэглээ, тав тух, бартаат замыг туулах чадварыг хослуулсны сацуу “Subaru”-гийн аюулгүй байдлын өндөр стандартыг хангасан байна. 


Ингэснээр “Subaru” корпорац сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа авто машины сэтгүүлийн редакторуудаас бүрдсэн хорооны дээд шагналыг хүртлээ. “Subaru” хамгийн сүүлд 2020 онд “Levorg Sportswagon” загвараараа энэхүү шагналыг хүртэж байжээ.


Энэ онд “Honda Motor” компанийн “Prelude” машин хоёрдугаарт бичигдсэн бол “Toyota Motor”-ын тансаг зэрэглэлийн “Crown” цувралын “Crown Estate” удаалсан байна.


Оны шилдэг машин шагналыг гардуулах ёслол энэ онд 46 дахь удаагаа болж байгаа юм. Сонгон шалгаруулах хороо 2024 оны 11 дүгээр сарын 1-нээс 2025 оны 10 дугаар сарын 31-ний хооронд Японд танилцуулсан эсвэл худалдаанд гаргасан суудлын авто машинуудын талаар санал хураалт явуулжээ.



Холбоотой мэдээ