СҮХБААТАР: Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-30 17:26:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар өрнөж буй "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Сүхбаатар аймагт боллоо.


Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын багийн бүрэлдэхүүн, аймаг орон нутгийн удирдлага, сумдын засаг дарга, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, иргэдийн төлөөлөл оролцлоо.


Салбарын сайд нээлтийн эхэнд хүнсний хангамж аюулгүй байдлын чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, зорилтуудыг танилцуусан. Улмаар, уг хөдөлгөөний хүрээнд томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын ажлуудыг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлнэ. Үүний үр дүн МАА-н гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, тогтворжуулах, экспортын бүтээгдэхүүний хэмжээг ихэсгэнэ. Ингэснээр малчид, үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж илүү нэмэгдэх юм.

Тиймээс хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон үндэсний үйлдвэрлэгч, малчин тариаланчид, хүнс хөдөө аж ахуйн салбарын нийт ажилчид та бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэлхий дахины чиг хандлагад нийцүүлэн, шинжлэх ухаан технологийн дэвшилд суурилсан бүтээлч сэтгэлгээгээр хүнсний хувьсгалыг хамтдаа хийх их үйлсэд манлайлан оролцохыг Сүхбаатарынхан та бүхнээс хүсье хэмээн илтгэлээ өндөрлөсөн юм.


Мөн энэ үеэр МЭЕГ, ЖДҮГ-ын мэдээллийг нээлтэд оролцогчдод өгч, үйлдвэрлэл эрхлэгч болон иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Иргэдийн хувьд ундны усыг сайжруулах, бэлчээрийн доройтлыг бууруулахын тулд үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг үр дүнтэй, эрчимтэй зохион байгуулах, үнийн хөөрөгдөлд хамгийн ихээр өртөж буй хүмүүс нь малчид байгаа учир мал махны үнийг өсгөж, тогтворжуулах бодлогын арга хэмжээг авах, орон нутагт ХАА-н салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгааг анхаарах, малынхаа тоонд бус чанарт анхаарсан малчдыг урамшуулдаг болох тогтолцоог хэрэгжүүлэх зэрэг саналыг уламжилж байлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай 37 дугаар тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ хүрээнд дөрвөн жилийн хугацаанд 1,7 их наяд төгрөгийг уг ажлын хэрэгжилтэд зарцуулах аж. Өөрөөр хэлбэл малчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнээ 100 дотоодоосоо хангах нь хөдөлгөөний гол зорилго.


Сүхбаатар аймгийн тухайд одоогоор махаа 100 хувь дотооддоо бэлтгэж байгаагийн 51,5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах байдаг. Төмс 34,3, хүнсний ногоо 7,4 гурилан бүтээгдэхүүн 20, сүүний 30 хувийг дотоодоосоо хангаж байгаа.


Аймгийн хэмжээнд ЖДҮ-ийг дэмжих сангаас 188 төсөлд 7,4 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний үр дүнд 739 ажлын байр шинээр бий болсноос 308 нь хадгалагдан үлджээ. Харин Хоршоог хөгжүүлэх сангаас 4,6 тэрбум төгрөгийг иргэн, ААН-д олгосон ч 320 зээлдэгчийн 3,4 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй байна. Нийт зээлээс 2022 онд 10 зээлдэгчийн 115 сая төгрөгийн төсөлд санхүүжилт олгожээ. 


Тус аймагт үр тарианы ажил эрхэлдэг найман ААН дөрвөн суманд нийт 30,8 мянган га талбайд тариалалт хийдэг. Энэ жил улаанбуудайг 2941 га талбайд тариалсан бөгөөд 1 га талбайгаас 18-22 тонн ургац авсан нь сүүлийн 10 жилд аваагүй их хэмжээний ургац авсан байна.

Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 257 иргэн ААН, хүлэмжийн аж ахуй эрхлэгч 243 иргэн ААН 3,9 га газарт тариалан эрхэлж байна. Энэ жил 243 тонн төмс, 500 гаруй тонн хүнсний ногоо хураасан. Төмс хүнсний ногоог хадгалах зоорь Баруун-Урт, Түмэнцогт, Сүхбаатар суманд байдаг бөгөөд энэ нь нийт 400 тоннын багтаамжтай. Өөрөөр хэлбэл хүнсний зоорь дутагдалтай.

Аймгийн хэмжээнд худалдааны салбарт 225 иргэн ААН ажиллаж байгаагаас бөөний төв, агуулах 10, хүнсний дэлгүүр 213, жимс ногооны дэлгүүр тав, барааны лангуу түрээслүүлэгч таван иргэн ААН байна. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 136 ААН үйл ажиллагаа явуулж байна. Харин ЖДҮ, ахуйн үйлчилгээ эрхлэгч 440 компани, 55 нөхөрлөл, 38 хоршоо, 850 хувь хүн бий гэж аймгийн ХХААГ-аас танилцууллаа.

          

Холбоотой мэдээ