Хуримтлалтай болох нь мөнгийг өсгөхөөс илүүтэй эрсдлээс хамгаалах нь чухал

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-10-31 10:31:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн хуримтлалын өдөр”  өнөөдөр  (жил бүрийн 10 дугаар сарын 31) тохиож байна. Мөнгөн хуримтлал, хадгаламжийг нэмэх зорилгоор өргөн хүрээнд улс орнyуд энэ өдрийг тэмдэглэдэг байх юм. Монгол Улсын хувьд 2017 онд хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болж дэлхий нийтийг хамарсан дээрх үйл явдалд  албан ёсоор нэгджээ. Харин 2018 оноос улс орон даяар өргөн зохион байгуулдаг болжээ. Аяны үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудад  санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлалтай болох дадал хэвшилд сургахыг зорих  жишээтэй. Арилжааны банк, санхүүгийн байгууллагууд энэ үйл ажиллагаанд өргөн  хүрээтэй оролцох болсон аж. Тухайлбал,  Худалдаа хөгжлийн банк 6 сараас дээш хадгаламжийн 100 мянган төгрөг тутамд нэг сугалааны эрх олгож улирал тутамд нэг өрөө байрны эзэн тодруулж байна. Түүнээс гадна 2022 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 10 хоног тутамд тодорхой тооны азтан шалгаруулж байгаа гэнэ.  Мөн Капитрон банк 3 сараас дээш хадгаламжийн 100 мянган төгрөг тутамд нэг сугалааны эрх олгож,  100 сая төгрөгийн азтан тодруулахаар болжээ. Энэ мэт арилжааны банкнууд дэлхийн хуримтлалын өдрийн эргэн тойронд олон үйл явдал өрнүүлж байгаа бололтой. Голомт банк л гэхэд иргэдийн дунд “хуримтлалыг зуршил болгоё” нэртэй хадгаламждаа сар бүр тогтмол хийсэн 20, 50 мяанган төгрөгт нь жилийн 20 хувийн хүү олгодог байх жишээтэй.


Дэлхийн банкнаас “Global findex database”-ийг ашиглан “Эн Ар Си Си” судалгааны байгууллагатай хамтран Монгол Улсыг бусад улс оронтой харьцуулан санхүүгийн хүртээмжийн түвшийг нь түүврийн аргаар үнэлсэн байх юм. Түүнд оролцогчдын 95.6 хувь нь арилжааны банканд өөрийн нэр дээр дор хаяж нэг данстай. Тэдний 92.1 хувь нь дансаа идэвхтэй ашигладаг. Давхардсан тоогоор иргэдийн 91.9 хувь нь банкаар үйлчлүүлдэг гэж гарчээ. Хамгийн бага орлоготой иргэдийн 87 хувь, хамгийн өндөр орлоготой иргэдийн 97 хувь нь арилжааны банкаар үйлчлүүлдэг гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Энэ бол санхүүгийн зах зээлийн хамгийн том нь банк гэдгийг харуулж байгаа юм. Тус салбарын зарим нэг тоон үзүүлэлтийг гаргавал:

  • Арилжааны банкуудын тоо: 13
  • Салбарт ажиллагсдын тоо: 14,853
  • Банкны салбарын тоо: 1,417
  • АТМ-ын тоо: 1,799
  • Карт эзэмшигчдийн тоо: 3.8 сая 

Санхүүгийн зах зээл дэх банкны салбарын хэт давамгай байдлыг бууруулах шаардлагатай гэж олон жил ярилаа. Тэгвэл санхүүгийн салбар дахь банк болон банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын хувь хэмжээг тодруулж харъя. Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 534 байгууллага (2021 оны жилийн эцсийн байдлаар) байна. Эдгээр банк бус санхүүгийн байгууллагад:

  • салбар нэгж 331,
  • төлөөлөгчийн газар 8, нийт 3976 ажилтан ажиллаж байна.

Банк бус санхүүгийн салбарын статистик үзүүлэлтүүд сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгджээ. Тухайлбал, нийт харилцагчдын тоо 69.5 хувиар, зээлдэгчдийн тоо 112.9 хувиар, нийт актив 135 хувиар, зээл 151 хувиар тус тус өсжээ.  ББСБ-ын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ хурдацтай нэвтэрч, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 28 банк бус санхүүгийн байгууллага дэвшилтэт технологид тулгуурлан финтек зээлийн бүтээгдэхүүн гаргажээ. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчид 4 тусгай зөвшөөрлийн хүрээнд 11 төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Түүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломжтой байх юм.

Монголын санхүүгийн зах зээлд банк, ББСБ-аас гадна:

  • Хадгаламж зээлийн хоршоо
  • Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал
  • Үнэт металл,
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч
  • Даатгал гээд салбарууд бий. 

Даатгалын тухайд 18 компаниас гадна даатгалын зуучлагч 52, даатгалын хохирол үнэлэгч 26 компани үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Гэхдээ банкнаас бусад санхүүгийн салбарыг банкны салбартай харьцуулахад нийт активын зургаа орчим хувийг эзэлж байгаа аж. Тэгвэл санхүүгийн зах зээлийн хамгийн том салбар банканд улсын хэмжээнд иргэн аж ахуйн нэгжийн 17,4 их наяд төгрөгийн хадгаламж байна гэж  Монголбанк мэдээллээ.  Хуримтлалын тодорхой хэлбэр нь хадгаламж.  Банкны хадгаламжаас гадна үйл ажиллагаа явуулж байгаа дээрх салбаруудаас хуримтлал бий болгох боломжтой. Тэр бүхнийг монголчууд бид бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа бололтой. Хуримтлалтай болох нь иргэдийн хувьд одоогийн байдлаар банканд мөнгөө хүүтэй хадгалуулах гэдгээс өөр түгээмэл ойлголт хомс. Харин бусад санхүүгийн салбарын талаар тодорхой мэдлэг мэдээлэл багатай байдгийн улмаас гүнзгий орж чадаагүй байгаа нь дээрх байдлаас харагдаж байна.


Ер нь бол санхүүгийн зах зээл нь хөрөнгийн илүүдэлтэй байгаа газар үүссэн мөнгөн хөрөнгө хуримтлалыг хөрөнгө эх үүсвэр хомсдолтой байгаа газарт хөрөнгө оруулалт болгон хувиргах нөхцөлийг бүрдүүлдэг. Гэхдээ хуримтлалтай болохын тулд иргэдийн үнэмлэхүй олон нь мөнгө өсгөх явдал гэж үзэх юм. Тэр үнэн биз ээ. Гэхдээ мөнгийг өсгөхөөс илүүтэй эрсдлээс хамгаалах нь хамгийн чухал, зөв алхам гэж зарим эдийн засагч, зах зээлийн шинжээчид хэлж тайлбарласан байна.

Холбоотой мэдээ