Цаг агаар: Говь, тал хээрийн бүс нутгаар цасан шуурга шуурч хүйтрэх 11 дүгээр сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-11-01 16:44:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2022 оны 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.


ӨВӨЛ ОРДОГ ЦАСНЫ ДУНДАЖ ХЭМЖЭЭ

1981–2020 оны 11 дүгээр сард цас орсон өдрийн тоо, 1б хүйтэн улирлын (X–II сар) хоногийн дундаж цасны зузаан Их нууруудын хотгор, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар болон Дорнод, Монголын тал нутгаар сард дунджаар 5–7 өдөр, бусад нутгаар 1–5 өдөр цас ордог байна. Эндээс уул зүйн нөлөөгөөр уулынхаа ард талд бага хэмжээний бага даралтын орон гүнзгийрч хотгор газрууд болон гол нуурын хөндийгөөр цас орох тохиолдол харьцангуй их байдаг. Харин манай оронд X сараас эхлэн цасан бүрхүүл үүсэж, 11 дүгээр сарын сүүл гэхэд цасны зузаан 3,5–4,5 см хүрч нэмэгдэнэ.

 

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 11 дүгээр сарын агаарын температурын ОЖД нь -12…-18 хэм, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнодын тал газраар -2...-8хэм, бусад нутгаар -8...-12 хэм хүйтэн байдаг гэж цаг агаарын 11 дүгээр сарын урьдчилсан тоймд дурджээ.


Арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур 1979, 1981, 1984–1987, 1989, 1993, 1996, 2000, 2002–2003, 2009, 2011–2012, 2015–2016 онуудад нийт нутгаар ОЖДаас 1–5 хэмээр хүйтэн байсан. Харин 1980, 1983, 1988, 1994–1995, 1998–1999, 2001, 2005–2008, 2010, 2013–2014, 2020–2021 онуудад ОЖД-аас 1–3хэмээр дулаан байжээ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сарын нийлбэр хур тунадас 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм ордог Зарим жил ОЖДаас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байжээ. Тухайлбал, 1979, 1987, 1990, 1992, 1996, 2000, 2003, 2009–2012, 2015–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна. Харин 1985, 1988–1989, 1995, 1997, 1999, 2004–2008, 2014, 2018, 2021 онууд харьцангуй бага хур тунадастай байсан байх жишээтэй,


Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6 хэмээр сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11–13 м/с, зарим үед түр зуур 13–15 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.


Төвийн аймгуудын нутгаар. Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар 11 дүгээр сард агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Харин хур тунадас (цас) нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөв гарчээ. Нэг ба гуравдугаар арав хоногуудын эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6 хэмээр сэрүүснэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас (цас) орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байна Харин хур тунадас (цас) ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) ОЖД-аас бага байна. Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногуудын сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5 хэмээр сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн дунд–сүүлч үеэр ихэнх нутгаар хур тунадас (цас) орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг болон Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан (Зураг 6), хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна. Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5 хэмээр сэрүүснэ. Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас (цас) орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.


ЗӨВЛӨМЖ

Энэ сард нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд авч ашиглахыг зөвлөжээ.

Холбоотой мэдээ