Хамгийн их орлоготой өөд болсон алдартнуудын жагсаалт гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2022-11-01 16:01:12

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн их орлоготой өөд болсон алдартнуудын жагсаалтыг Их Британийн зохиолч, хэл бичиг судлаач Жон Толкин тэргүүлжээ. Жагсаалтыг тус сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлсэн байна. 


“Forbes”-ын жагсаалтад үлдээсэн өв нь 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс энэ оны 10 дугаар сарын 30-ны хооронд хамгийн их орлого авчирсан 13 алдартан багтжээ. Энэ нь "борлуулалтаас, стриминг платформуудаас болон  лицензийн хэлцлээс олсон ашиг” гэнэ. Жагсаалтад багтсан алдартнуудын нийт “орлого” нь 1.6 тэрбум ам.доллар байгаа нь өмнөх жилийнхээс 72 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд “Forbes” ийм жагсаалт гаргаж эхэлсэн 2001 оноос хойших нэг жилд хамгийн их хэмжээгээр өссөн үзүүлэлт болжээ.


“Хоббит” өгүүллэг, “Бөгжний эзэн” гурамсан романы зохиолч Жон Толкиний хөрөнгө өнгөрсөн онд 500 сая ам.доллароор нэмэгджээ. Энэ бол түүний бүтээлийн эрхийн нэлээд хэсгийг эзэмшдэг “Middle-Earth Enterprises” компанийг Шведийн компьютер тоглоомын “Embracer” компанид худалдсанаас олсон орлого юм.


“Forbes”-ийн жагсаалтын хоёрдугаарт, жилд 400 сая ам.долларын орлого "олсон" Америкийн сагсан бөмбөгчин Коби Брайант (1978-2020) бичигдсэн бол гуравдугаарт, Британийн хөгжимчин, жүжигчин Дэвид Боуи (1947-2016) гуравдугаарт оржээ. Түүний хөрөнгө нэг жилийн дотор 250 сая доллароор өссөн байна.


Уг жагсаалтад мөн жилд 110 сая ам.долларын орлого “олсон” Америкийн дуучин Элвис Пресли (1935-1977), 100 сая ам.долларын “орлоготой” Жеймс Браун (1933-2006), 75 сая ам.долларын “орлоготой” Майкл Жексон (1958-2009) жилд 55 сая ам.доллар “олсон” Канадын яруу найрагч, зохиолч, дуучин Леонард Коэн (1934-2016), үлдээсэн өв нь нэг жилийн дотор 32 сая ам.доллар авчирсан Америкийн хүүхдийн зохиолч Теодор Сьюз (1904-1991) нар багтжээ. 


Америкийн "Тото" рок хамтлагийн бөмбөрчин Жефф Поркаро (1954-1992) 25 сая ам.доллароор “баяжиж”, Америкийн шог зураач Чарльз Шульцын (1922-2000) хөрөнгө нэг жилийн дотор 24 сая ам.доллароор өссөн бол Мексикийн дуучин Хуан Габриэль (1950) -2016) 23 сая ам.доллар, домогт “Битлз” хамтлагийн гишүүн Жон Леннон (1940-1980), Жорж Харрисон (1943-2001) нар тус тус 16 сая, 12 сая ам.доллар “олсон” байна.



Холбоотой мэдээ