БАЯНХОНГОР: Мялаалга наадамд 10 гаруй сумын тэмээчид оролцов

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-11-02 10:02:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. 70 насны босгон дээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, Гавьяат малчин, Баянхонгор аймгийн алдарт тэмээчин Готовын Тойвгоон цолны мялаалга Баянлигийн хоолойд боллоо. Мялаалгыг дөрвөн аймгийн 10 гаруй сумын тэмээчин, малчин түмний дунд өргөн дэлгэр зохион байгуулав.

Цолны мялаалга наадамд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Хүрэлбаатар нар оролцож, Хөдөлмөрийн баатрынхаа цолыг мялааж, баярыг хуваалцлаа. Мөн үеэр хурдан тором, ат, тайлаг гурван насны тэмээний уралдаан Лигийн хоолойд болж түрүүлсэн атан тэмээний эзнийг зохион байгуулагчид мотоциклээр байлсан юм.

Энэ үеэр аймаг, сумын алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан спортын ордонд болж, Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Б.Түвшинтөгс түрүүлж, Баянговь сумын харьяат, аймгийн заан Б.Буянмөнх үзүүрлэлээ.