СЭЛЭНГЭ: Хангай, орхон үүлдрийн хонины ноосны чанарыг чанаржуулах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-03 16:34:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсад баталгаажсан хангай, орхон үүлдрийн хонины ноосны чанарыг сайжруулах зорилгоор шилмэл хуцны үрээр зохиомол хээлтүүлэг ажил эхэллээ.

 

Энэхүү ажлыг Малын удмын сангийн үндэсний төв, МААЭШХ-н Малын нөхөн үржихүйн лаборатори, ADRA олон улсын байгууллага, Орхон шийп XXК, Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЗДТГ хамтран хийж байна.

 

Тус зохиомол хээлтүүлгийг дурангийн аргаар хийх аж. Үүнийг хийхийн тулд Австралийн үржлийн үнэлгээгээр шилмэл 6 хуцны 5000 тун үрийг оруулж иржээ.

 

Энэхүү Австралийн үржлийн хуц нь шилмэл бөгөөд маш нарийн чанартай ноостой гэдгээрээ онцлогтой. Ингэж шилмэл хуцны үрээр дээрх үүлдрийг хээлтүүлснээр ноосны чанар сайжирч, маш нарийн ноостой болохын зэрэгцээ одоогийн байгаа ноосны зах зээлийн үнэ 10-20 дахин нэмэгдэх тооцоотой байгаа хэмээн Орхон сумын Засаг дарга Б.Бат-Орхон ярилаа.

 

Эл дурангийн аргаар хийх зохиомол хээлтүүлгийг хангай, орхон үүлдрийн хонь, мөн франц мерино зэрэг нийт 315 эм хонинд хийх аж.  

 

Дээрх хангай, орхон үүлдрийн хонинууд нь үр ашиг ихтэй нарийн нарийвтар ноост хонь гэдгээрээ алдартай. Энэ утгаар энэхүү нарийн ноосны чанарыг улам сайжруулж, өндөр үнэ өртөг бүхий улам бүр нарийсгасан ноос бий болгох зорилготой энэхүү хээлтүүлгийг хийж байгаа ажээ.

Дээрх аргаар хийх туршилт судалгааны ажлыг энэ сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.  

 

 

 

 

Холбоотой мэдээ