ГОВЬ-АЛТАЙ: Өсвөрийн тамирчдын спорт сургалтын төвд 200 гаруй хүүхэд хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-08 17:09:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийн хүрээнд Алтай хотод барьсан Өсвөрийн тамирчдын спорт сургалтын төвд 200 гаруй хүүхэд тогтмол хичээллэж байна.


“Хантайшир” бөхийн дэвжээ, оюутан, залуучуудын “Ирээдүй Алтай” холбоо хамтран “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийг амжилттай хэрэгжүүлж, үүний хүрээнд Алтай хотод Өсвөрийн тамирчдын спорт, сургалтын төвийг байгуулсан. 

Нутгийнхаа хүүхэд багачуудын авьяас чадварыг өсвөр насанд нь илрүүлэн хөгжүүлж, тив дэлхийд алдар суугаа мандуулсан тамирчид бэлтгэх зорилго бүхий энэхүү спорт сургалтын төвийг Алтай нутгаас гаралтай шилдэг компаниуд болон хувь хүмүүс дэмжлэг үзүүлж ашиглалтад орууллаа. 

Спорт, сургалтын төвд үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо мөн хүчний спортын төрөл болох пауэрлифтинг, фитнес, бидибилдингийн хичээл сургалт орж байна.

Бөхийн төрлийн спортыг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Спортын мастер, Олон улсын шүүгч, Сумын заан Х.Магвандорж хариуцан багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол хүндийн өргөлт, фитнесийн багш дасгалжуулагчаар түүний гэргий Монголын Бодибилдинг фитнесийн нэгдсэн холбооны шүүгч, Бодибилдинг, фитнесийн-Олон улсын хэмжээний мастер, Олс таталтын спортын-Спортын Мастер, Хүндийн өргөлтийн спортын-Спортын дэд мастер, Пауэрлифтингийн спортын дэд мастер Н.Мягмарсүрэн ажиллаж байна. 


Спорт сургалтын төвд Ерөнхий боловсролын гуравдугаар анги буюу 9-өөс дээш насны хүүхдүүд өдрийн таван ээлжээр үнэ төлбөргүй хичээллэж байна. Ил төвд өсвөрийн тамирчдаас гадна насанд хүрэгчид үндэсний бөхийн бэлтгэл сургуулиа хийж хэвшжээ.

2022 онтой зэрэгцэн ашиглалтад орсон спорт сургалтын төвийн өсвөрийн тамирчид богино хугацаанд хичээллэж буй ч энэ оны улсын аварга болон бусад цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож чамгүй амжилт үзүүлээд байгаа аж. 

-“Улсын аваргад Спорт, сургалтын төвийн 50 гаруй өсвөрийн тамирчин оролцож 30 гаруй медалийн эзэд болж тамирчны гараагаа чамлахааргүй амжилтаар эхлүүлээд байна. Удахгүй бид хэд хэдэн тэмцээнд орохоор бэлтгэлдээ шамдан ороод байна” хэмээн тус төвийн багш, дасгалжуулагч, Спортын мастер, Олон улсын шүүгч, Сумын заан Х.Магвандорж хэллээ. Тэрээр 20 гаруй жил бөхийн спортоор хичээллэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллан ирээдүйн тив, дэлхийн аваргыг төрүүлэх их үйлсэд мэдлэг чадвараа зориулж байгаа нэгэн юм. 


Хүүхэд, багачуудын спортын гарааг амжилттай эхлүүлж, зөвхөн спортоор хичээллүүлж тив, дэлхийн тамирчдыг бэлтгэхээс гадна тэдний хүмүүжил төлөвшил, бие даах чадвар цаашлаад ирээдүйд зөв хүн байхад нь ихээхэн анхаарал хандуулдаг тухайгаа ч ярьж байлаа. Сонирхуулахад, ирэх зун зуны сургалтыг хичээллүүлж, өсвөрийн тамирчдаа монгол ёс заншилд суралцуулах, өв уламжлалаа өвлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, гар урлал, сур суран эдлэл хийх, цагаан идээ боловсруулах гэх мэт сургалтуудад тамирчин сурагчдаа хамруулж, цогц чадварыг эзэмшүүлэхийг зорьж байгаа аж.

Холбоотой мэдээ