Үрээр 30 сая мод тарьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарихаар төлөвлөөд байгаа.
Тодруулбал, ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12 мянган га-д 55 сая, хотын барилгажсан хэсэгт 65 сая мод тарих юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 аж ахуйн нэгжтэй
хамтран ажиллаж, 6 га газарт
мод үржүүлгийн ажлыг эхлүүлж, 25
төрлийн 110 гаруй зүйлийн мод, бут, сөөг, байгалийн олон наст ургамал, нэг наст
цэцгийг тарималжуулна. Энэ онд үрээр 30 сая мод, бут тарьсныг нийслэлийн Сургалт судалгаа,
олон нийттэй харилцах газар мэдээлэв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Ерөнхийлөгчийн
нэрэмжит “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах хүрээнд хийж буй ажлыг танилцуулсан юм. Нийслэлийн 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ
5.1 ам метр байгааг Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 8 ам метрт хүргэхээр төлөвлөжээ. ДЭМБ-аас хот суурин
газрын барилгажсан талбайн ногоон байгууламж 9 ам метрээс дээш байвал зохистой гэж үздэг.
Ингэхдээ “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-д 15 сая, нийтийн
тусгай, хязгаарлагдмал хэрэгцээнд үлдсэн модыг тарих юм. Дээрх цэцэрлэгт
хүрээлэнг Баянзүрх хайрханыг түшиглэн 20,480 га газарт байгуулж, аялал жуулчлал, спорт, ойжуулалт,
цэцэрлэгжүүлэлтийн нэгдсэн төв болгохоор зорьж байгаа аж.