Завсрын сонгуулийн “завсрын дүн”

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-11-11 11:37:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мягмар гарагт АНУ-д явагдсан Конгрессын завсрын сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа боловч Конгрессын Төлөөлөгчдийн танхимд БНН олонхийг бүрдүүлэх нь нэгэнт тодорхой боллоо. Уг сонгууль Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тэг дундаа орж буй үед болдог учраас “завсрын сонгууль” /midterm elections/ гэж нэрлэдэг ажээ.


Энэ сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн ба Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг нь шинээр сонгодог. Өөрөөр хэлбэл, Төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүн 2 жил тутамд шинэчлэгддэг гэсэн үг. Конгрессын бүрэлдэхүүнийг шинэчлэхтэй зэрэгцээд 36 муж улсын захирагчид ба хууль тогтоох дээд байгууллагуудын гишүүдийг сонгох санал хураалт явагдлаа. 


Завсрын сонгуулийн өмнө Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд 220 суудалтай, бүгд найрамдахчууд 212 суудалтай байсан бол мягмар гарагийн санал хураалтаар бүгд найрамдахчууд 226 суудал авч олонх болох төлөвтэй байна.


Харин Сенатын танхимд аль нам хяналтаа тогтоох вэ гэдэг нь Аризона, Невада, Жоржиа гэсэн гурван муж улсад болсон санал хураалтын дүнгээс хамаарахаар боллоо. Одоогоор Аризона, Невадагийн сонгуулийн дүн хүлээгдэж байгаа бол Жоржиад ирэх сард дахин санал хураалт явуулна.

Ер нь бол, шинэ Ерөнхийлөгч сонгогдох үед түүний харьяалагддаг нам Конгрессын хоёр танхимд олонх болдог нь бараг зүй тогтол гэмээр үзэгдэл. Улмаар “ерөнхийлөгчийн нам”  завсрын сонгуулиар олонхийн суудлаа алддаг нь мөн л зүй тогтол гэмээр.  Харин 2002 онд буюу 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа бага Бушийн нэр хүнд маш өндөр байсан учраас уг  “уламжлал” нэг удаа тасарч, Ерөнхийлөгчийн намынхан олонх хэвээр үлдсэн тохиолдол бий.


Сенат ба Төлөөлөгчдийн танхимын эрх мэдэл, эрх үүргийн ялгаа

Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим нь улс орны эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой хуулийн төслүүдийг санаачилж, баталдаг бол дээд танхим болох Сенат тухайн хуулийн төслүүдийг хэлэлцэж, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал дэвшүүлж болох боловч эцсийн шийдвэрийг гаргадаггүй гэдгээрээ ялгаатай. 


Өөр нэгэн ялгаа гэвэл, АНУ-ын Ерөнхийлөгч хүмүүсийг албан тушаалд томилохоор нэр дэвшүүлэхдээ Сенат дахь олонхийн дэмжлэгийг авсан байх ёстой бол Төлөөлөгчдийн танхим нь төрийн өндөр дээд тушаалд нэр дэвшүүлэх ажиллагаанд ямар ч үүрэг рольгүй. Түүнчлэн олон улсын гэрээнүүдийг Сенат соёрхон баталж, шүүгчдийг томилдог бол Төлөөлөгчдийн танхимд ийм эрх мэдэл байхгүй.


Зарчмын нэгэн том ялгаа байдаг нь, Сенатын тухайн нэг гишүүн хэлэлцэж буй асуудалд нөлөөлж, үйл явцын өрнөлийг өөрчлөх боломжтой бол Төлөөлөгчдийн танхим дахь олонх бүхий л процессыг хянадаг учраас тухайн нэг гишүүн цөөнх болсон үедээ “ганцаараа юуг ч өөрчилж чадахгүй”. 


Мөн Төлөөлөгчдийн танхимаас танилцуулсны дараа л  Ерөнхийлөгчийн импичментийн асуудлыг Сенат шийддэг гэх мэт зарчмын ялгаанууд бий.


Аризона: Тулааны хамгийн том талбар

Аризона муж улс бол АНУ-ын улс төрийн газрын зураг дээрх маш чухал байршил бөгөөд улс оронд болж буй бүхий л үйл явцыг эндээс жижигрүүлсэн байдлаар харах боломжтой. Тус муж улсад инфляцийн түвшин Америкийн дунджаас дээгүүр байгаагаас гадна Мексиктэй хиллэдэг учраас цагаачлал, аюулгүй байдлын асуудал нэн тулгамджээ. Үүний зэрэгцээ дэлхийн дулаарлын уршгаар ойр ойрхон ган гачиг болж, ой хээрийн түймэр дэгдэж байгаа нь иргэдийн амьжиргаанд нөлөөлж байна.  


Аризона бол уламжлал ёсоор бүгд найрамдахчуудын муж улс боловч 2020 онд Жо Байден цөөн саналын зөрүүгээр ялалт байгуулжээ. Ерөнхийлөгч асан Трамп үүнийг эсэргүүцэж, санал хураалтын дүнг хүчингүй болгохыг шаардаж байсан удаатай. Иймээс АНУ-ын түүхэн дэх хамгийн хатуу ширүүн улс төрийн тулаан чухамдаа энд өрнөлөө. 


Бүгд найрамдахчууд хариугаа хэрхэн авах бол?

Өмнөх завсрын сонгуулийн дараа буюу 2018-2020 оны хооронд болсон үйл явдлуудыг эргэн нэг санацгаая. 2018 онд Дональд Трамп ерөнхийлөгчөөр ажиллах байх үед Төлөөлөгчдийн танхимд АН олонх болоод байв. Тухайн үед шатдаун буюу төсвийн тухай хууль батлагдаагүйн улмаас холбооны төсөвт байгууллагуудын санхүүжилт зогсож, төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүйд хүрээд байлаа. Түүнээс гадна, Төлөөлөгчдийн танхимыг хяналтандаа авсан АН-ынхан Ерөнхийлөгч Трампыг огцруулахаар импичмент хийж байсан билээ.


Тэгэхээр одоо Төлөөлөгчдийн танхимд олонх болсон БНН-ынхан сэтгэлдээ тээсээр ирсэн гомдлоо тайлж, хариугаа авахын тулд Жо Байдены эсрэг импичмент зарлах шалтгийг яаж ийгээд олчих магадлалтай. Түүнээс гадна, улсын өрийн таазыг нэмэгдүүлэхийг Байдены засаг захиргаа Конгрессоос хүсэх тэр үед янз бүрийн асуудлаар наймаалцах боломж гарч ирэх ба үүнийг бүгд найрамдахчууд алдахыг мэдээж хүсэхгүй.


Хэрвээ тэд Сенатад мөн олонх болж чадвал төрийн өндөр дээд албан тушаалтнууд, тэр дундаа холбооны шүүхийн шүүгчдийг томилох ажиллагааг бойкотлох магадлалтай. 


Украинд үзүүлэх тусламж

Төлөөлөгчдийн танхимд олонх болсон бүгд найрамдахчууд Украинд үзүүлж буй цэрэг, эдийн засгийн тусламжинд зориулж улсын төсвөөс гаргах мөнгөний хэмжээг тун няхуур хянах төлөвтэй байна.


Үүний шалтгааныг дурдваас, Байден ерөнхийлөгч болсноос хойш Америкийн хилээр 5,5 сая гаруй цагаач хууль бусаар нэвтэрсэн учраас хил хамгаалалтыг сайжруулах асуудлыг эн тэргүүнд тавих ёстой гэж БНН үздэг. Мөн АНУ-ын улсын өр 30 их наяд долларт хүрчихээд буй энэ үед Байден 60 гаруй тэрбум долларыг /үүнээс 18,2 тэрбум долларын зэвсэг/ Украинд тусламж хэлбэрээр олгосон нь хэр зохистой вэ гэдгийг сануулахын зэрэгцээ украинчууд Америкийн мөнгө ба зэвсгийг хэрхэн ашиглаж байгаа талаараа тайлагнах ёстой гэж шаардаж байгаа юм.


БНН-аас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Маржори Тэйлор Грин гэдэг эмэгтэй хэлэхдээ, бүгд найрамдахчууд давамгайлсан Конгресс Украинд “нэг ч доллар олгохгүй” гэж мэдэгджээ. Гэхдээ энэ бол мэдээж хэтрүүлэг, бүгд найрамдахчууд бүгдээрээ Украинд үзүүлэх тусламжийг танах байр суурьтай байгаа юм биш ээ. Жишээ нь, Сенат дахь БНН-ын бүлгийн дарга Митч Макконнелл Украиныг дэмжиж, Киевт очиж байжээ. Иймээс Украины улстөрчид Конгрессын завсрын сонгуульд аль намыг дэмжих вэ гэдэг дээр нэлээд тээнэгэлзсэн бодолтой байна.


2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ?  

Жо Байден хоёрдахь удаагаа нэрээ дэвшүүлнэ гэж хэдэнтээ мэдэгдэж байсан. Гэвч 2024 онд 82 нас хүрэх түүний үгэнд итгэж, түүнийг дэмжих хүн тун цөөн. Энэ удаагийн завсрын сонгуулийн эцсийн дүн АН-ын хувьд тааруухан гарч, Байдены нэр хүндийн чансаа ойрын үед дээшлэхгүй байх аваас намын нөхдийнх нь зүгээс одоогийн ерөнхийлөгчид үзүүлэх шахалт улам хүчтэй болж, ирээдүйтэй залуу хүнд зайгаа тавьж өгөхийг шаардах болно.


Нөгөө талаас, аль нэг танхимыг алдах нь дараачийн 2 жилд Байденд багагүй хүндрэл учруулах бөгөөд бүгд найрамдахчууд хууль батлахад саад учруулж, Украинд үзүүлэх тусламж, үр хөндөлтийг хориглох асуудлаар өөрсдийн байр суурийг тулгах болно.


Түүнчлэн Байденд ашиггүй нөхцөл байдал үүссэн нь, өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-д инфляцийн түвшин 8,2 хувьд хүрсэн нь 1970-80-аад оноос хойш тохиогоогүй үзэгдэл юм. Цар тахлын улмаас дэлхий даяар логистикийн сүлжээнд саатал гарсан, нефтийн үнэ өссөн гэх мэт шалтгаанууд бий. Гэхдээ АН-ынхан Цагаан ордонд сууж, Конгрессын хоёр танхимд олонх байх үедээ олон их наяд долларыг нийгмийн, дэд бүтцийн ба экологийн төслүүдэд зарцуулсан гэдэг нь маргашгүй үнэн, үүний улмаас инфляц гаарсан гэж бүгд найрамдахчууд үздэг.


Трампын хувьд гэвэл, тэрбээр 2024 оны сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ байнга ярьдаг. БНН-ын дотроос түүнтэй өрсөлдөх магадлалтай хүмүүс гэвэл, Флорида муж улсын захирагч Рон Десантис, дэд ерөнхийлөгч асан М.Пэнс, төрийн нарийн бичгийн дарга асан М.Помпео нарыг нэрлэж болно. Харин Трамп албан ёсоор нэрээ дэвшүүлсэн тохиолдолд эдгээр хүмүүс нэрээ татах болов уу.


Сонгуулийн дүн хэзээ бүрэн тодорхой болох вэ?

2020 оныг эргэн санаваас, ерөнхийлөгчийн сонгуульд ялагчийн нэр санал хураалт болсноос хойш 4 хоногийн дараа тодорч байв. Энэ удаагийн завсрын сонгуулийн саналын хуудасны тоо дээрх сонгуулийнхтай харьцуулахад цөөн учраас тоолоход төдийлөн их цаг хугацаа орохгүй. Гэхдээ, нөгөөтэйгүүр, нэр дэвшигчдийн авсан саналын тооны зөрүү маш бага байгаа учраас тооллогын ажиллагаа сунжирч мэднэ. 


Дээр дурдсанчлан, Жоржиа муж улсад хоёрдахь шатны санал хураалт явагдах нь тодорхой болсон бөгөөд шалтгаан нь Либертари намаас гуравдагч нэр дэвшигч завсрын сонгуульд оролцсоноор АН, БНН-ын хоёр нэр дэвшигчийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадсангүй. Өөрөөр хэлбэл, 12 дугаар сарын 6-нд явагдах хоёрдахь шатны санал хураалтын дүнгээр, аль нам Сенатын танхимыг хяналтандаа авах вэ гэдэг нь тодорхой болно. 


Энэ удаагийн завсрын сонгуулийн онцлог бол, маш олон сонгогч саналаа урьдчилж өгсөн явдал юм. Тухайлбал, 4-ний өдрийн байдлаар, 35 сая сонгогч санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн ба шуудангаар саналын хуудсаа илгээжээ. Харин 2020 оны сонгуульд ялагдсан Трампын талынхан урьдчилан саналаа өгөх, шуудангаар саналаа илгээхийг эсэргүүцсээр байгаа тул зарим муж улсад энэ талаарх хууль дүрмийг нэлээд чангатгажээ. 


Одоогоор, өрсөлдөгчдийн авсан саналын тоо маш бага зөрүүтэй байгаа тул саналын хуудсуудыг дахин тоолсноор 20 хоногийн дараа эцсийн дүн гарч магадгүй гэж Philadelphia Inquirer сонинд таамаглан бичсэн байна.  


Б.Адъяахүү


Эх сурвалж: ВВС  

Холбоотой мэдээ