Монгол Улсын 2023 оны төсвийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-11 12:54:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийг баталлаа. 


Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.


Ирж буй төсвийн жилд дараах нийгэм, эдийн засгийн үр дүн гарна гэж төсөв боловсруулагчид үзэж байна. Үүнд:


1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны жилийн төсөв болж байна. Ингэснээр ирэх 2023 онд 1 их наяд төгрөгийг хэмнэнэ.


2. Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж, 2020 онд  4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөг, 2022 онд 2.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг 2023 онд даруй 1 их наяд төгрөгөөр бууруулж 1.4 их наяд төгрөг байхаар баталсан. 


3. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд 3 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгоно.


4. Улаанбаатар хотод шинээр 457 автобус, иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтад оруулж нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна. 


5. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно. Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад орно. Хөвсгөл, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорнод аймагт 100-300 ор бүхий хүүхдийн болон нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орж нийгмийн үйлчилгээний чанар сайжирна. Мөн арав гаруй жил үргэлжилсэн хоёр Аймгийн театр, Үндэсний номын сангийн барилгыг дуусгана.


6. Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулж өндөр орлоготой, чинээлэг өрхийг хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар тогтсон байна.


7. Цалингийн тогтолцооны шинэчлэлийн хэрэгжүүлнэ. Үүнд:

     ✓ Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгоно.

    ✓ Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 6 хувиар нэмэгдүүлнэ.

     ✓ Төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцож олгоно.

     ✓ Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгох юм.

Холбоотой мэдээ