ДАРХАН-УУЛ: “Өвлөн уламжлагчдын наадам” ерөөлч, магтаалчдын уралдаанаар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-14 14:51:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд  ААНБ-ууд соёл, урлагийн газартай хамтран олон ажлыг зохион байгуулж байна. Үүний хүрээнд “Ахмадын хөгжлийн төв”-өөс “Эрүүл, идэвхтэй, оролцоотой амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Соёлын бүтээлч сар, дээрх хөтөлбөрийн хүрээнд ахмад настны өвлөн уламжлагчдын ерөөлч, магтаалчдын уралдааныг өнөөдөр эхлүүллээ.


Тус наадамд аймгийн дөрвөн сум, 26 багт ажиллаж, амьдарч буй ахмадууд, ардын авьяастнууд соёлын биет бус өвийн таван төрлөөр авьяас билгээ сорьж байна.



Ахмад настны өвлөн уламжлагчдын наадам Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ахмад настны хөгжлийг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, угсаатны уламжлал, ахуйн соёл, өвөрмөц төрх, аж амьдралын онцлогоос үүсэж хөгжсөн биет бус өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сэргээх, өвлөн уламжлагчдыг нээн тодруулах, алдаршуулах, залгамж бий болгох, олон нийтэд сурталчлах зорилготой.


Шүүгчээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, МҮЭ-ийн СТА, АБТА Д.Дашзэвэг, МУСТА, Улсын Ерөөлч магтаалч, хуурч Ц.Дүйнхэрсүрэн, Монгол Улсын Үндэсний өв, соёл цоллоочдын холбооны тэргүүн, Улсын морь, бөх цоллооч, МУСТА, Ерөөлч магтаалч Б.Дарханням нар ажиллаж байна.



Ерөөл нь аливааг магтан, ирээдүйн сайн сайхныг хүсэн бэлгэддэг бол магтаал нь аливаа зүйлийн одоогийн шинж байдлыг олон талаас нь магтан сайшааж хэлдэг аман зохиолын төрөл юм. Энэхүү уралдаан нь ерөөл, магтаалын төрлийг олон нийтэд таниулах, түүнийг уламжлан хөгжүүлэх нэг шат гэдгийг зохион байгуулагчид мөн онцоллоо.

Наадам маргааш Цол дуудаачдын уралдаанаар үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ