ТӨВ: Керамикийн бүтээлийн үзэсгэлэнд 40 гаруй бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-14 20:40:26

Төв /МОНЦАМЭ/ Соёлын бүтээлч сарын хүрээнд Төв аймгийн Нийтийн номын санд “Керамик”-ийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Уг үзэсгэлэнг “Соёлын бүтээлч сар” 3 дахь 7 хоног “Соёлын үйлдвэрлэл”-ийн хүрээнд Төв аймгийн Соёл урлагийн газар, Монголын урчуудын эвлэлийн Төв аймаг дахь салбар хамтран зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнд 5 уран бүтээлчийн 40 гаруй бүтээлийг дэлгэсэн бөгөөд энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бүтээл урлаачдын зүгээс “Социализмын үед Төв аймагт Керамикийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн бэлэг дурсгал болон ахуйн хэрэгцээний олон нэр, төрлийн бүтээгдэхүүн гаргадаг, өөрийн лабораторитой, өөрсдөө шавраа боловсруулдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш керамик урлал ерөнхийдөө зогсонги байдалд орсон. Одоо энэхүү урлалыг хөгжүүлэх, залуу үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарах болсон тухай хэлж байсан юм. Харин аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар керамик бүтээл урлах, хүүхэд, залуусыг сургах сургалтын баазыг шийдвэрлэж, тоног төхөөрөмжөөр хангана гэдгээ илэрхийллээ.

Мөн бүтээлчдийн зүгээс керамик урлал нь зураач, уран барималчин, уран зураг гээд бүгдийг бүх тал руу хөрвөх боломжтойгоос гадна нэгэн зэрэг бүх ур чадвараа ашиглах боломжтой мэргэжил гэдгийг онцоллоо.  

Холбоотой мэдээ