ӨВ СОЁЛ: Ц.Түмэннаст: Ноён Сэврэй хийцийн мөнгөн аягыг утас сувимлын аргаар хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-15 10:38:14

Өмнөговь /МОНЦАМЭ/“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Ноён Сэврэй хийцийн дархан Ц.Түмэннасттай ярилцлаа.


Монголчууд Хүннүгийн үеэс мөнгөн аягыг хэрэглэж байсан бөгөөд мөнгө нь аливаа өвчин үүсгэгч вирусийг устгаж, ариутгах чанартай гэдгийг эртнээс мэддэг байжээ. Тиймээс аягаа мөнгөлөн өдөр тутамдаа хэрэглэж ирсэн нь уламжлагдан явсаар өнөө цагийн үнэт эдлэл болон хөгжжээ. Хуучнаар Балдан засгийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Сэврэй сумын мөнгөн эдлэл, мөнгөн аяганы хийц нь 100 гаруй жилийн түүхтэйМонгол Улсын хэмжээнд Дарьганга, Ноён Сэврэйн хийц гэсэн  хоёр төрлийн мөнгөн аяга байдаг. Дарьганга хийц нь хөөмөл хээтэй, нимгэнорц багатай байдаг бол Ноён Сэврэйн хийцийн мөнгөн аягыг утас сувимлын аргаар хийдэг. Гол онцлог нь зузаан, орц арвинтай, эдэлгээ удаануламжлалт гар аргаар хийдгээрээ алдартай. Ноён Сэврэйн хийцийн их гарын аяганд 32-35 лан,  дунд гарын аяганд 17-20 лан, жижиг аяганд 8-10 лан мөнгө ордог байна.


-       -Таны уран бүтээл арвин байна уу?  Ноён Сэврэй хийцийг хэдий үеэс хийж эхэлсэн бэ?

-     -Уран бүтээл арвин сайхан байна.  Би Ноён Сэврэй эдлэлийн мөнгөн аягыг 1990-ээд оноос хойш хийж байна. Ер нь     багаасаа төрөл бүрийн гарын ур орсон зүйл хийх сонирхолтой. Зурах, бичих, сийлэх, оёх гээд л. Миний төрсөн ах     Ц.Түмэнбаяр гэж их уран хүн байсан. Тэр хүнийг дагаж  их зүйлийг сурсан. Өөрийн хүсэл сонирхол дээр ахын зааж   сургасан нэмэр болж дархан болох эхлэл минь тавигдсан даа

-   -Ноён Сэврэй хийцийг урладаг олон чадварлаг, алдартай дархчууд Өмнөговь аймгаас төрөн гарсан. Эдгээр   дархчуудын талаар ярилцъя?

-      - Ноён Сэврэй хийц нь 18 дугаар зууны сүүл 19 дүгээр зууны эхээр нэрд гарсан байдаг. Тэрнээс өмнө хийгдэж л байсан.   Тухайн үед олон сайхан дархчууд байснаас нэрд гарч байсан дархчууд бол Альша гаралтай Ноён сумын урд говиор   нутагладаг Түвдэн дархан, Мөн Гурвантэс сумын гаралтай ах дүү дархчууд болох Долгорын Сэнгэсамба, Маньбазар /   Ардын уран зураач, Соёлын гавьяат жүжигчин/, Цэмпил, Ёндон гээд дархчууд байсан юм билээ. 

-    -Энэ үеийн дархчууд дан ганц дархан хийхээс гадна уран зураг зурах гарын ур орсон бүхий л зүйлсийг маш   чадварлаг хийж байжээ?

-      - Тийм ээ.  Уламжлалт аргаар тун нарийн хийцтэй удаан хугацааны эдэлгээ даах тийм л ховор нандин бүтээлүүдийг урлаж   байсан нь түүх, өв соёл болон өвлөгдөж ирсэн.



-     -Тухайн үед мөнгөн эдлэл хийх мөнгөө хаанаас авдаг байсан юм бол?

-     -ӨМӨЗО-ны Альша аймагт мөнгөний орд байдаг байсан. Тэндээс л мөнгө их хэмжээгээр орж ирж дархчууд авч эдлэл      хэрэгсэл урладаг байсан тухай ахмад дархан Батням гуай хууч ярьдаг байсан

-     -Ноён Сэврэй хийц гэж яагаад нэрлэсэн юм бэ?

-    -Ийнхүү нэрлэсэн учир нь Ёст бэйлийн хошуу Ноён богд, Сэврэй хайрхны орчмоор их олон алдар суутай уран гартай дархчууд байсан. Тиймээс нутаг усныхаа  нэрээр олон түмэнд танигдаж Ноён Сэврэй хийц хэмээн алдаршсан юм билээ.

-     -Ноён Сэврэй хийц бусад хийцээс ялгарах гол онцлог давуу талууд нь юу байдаг вэ?

-    - Уран дархчуудын гол хийдэг мөнгөн эдлэлүүд дотроос мөнгөн аяганы хэрэглээ илүү түгээмэл байнгын хэрэглээтэй      байдаг. Мөнгөн аяганы хийцээр Сүхбаатар аймгийн Дарьганга хийц, Боржгин буюу Түшээт хан аймгийн төв халхчуудын хийц, Ноён Сэврэй гэсэн гол 3 хийц байдаг.


Түүний дотроос Ноён Сэврэй хийцийн аяганы ялгарах онцлог нь мөнгө зузаан ордог төдийгүй амсрыг нь бүтэн эргүүлэн бадам хээгээр хээ цохиж хажидан бүдүүн цул утсаар давхарлаж хийсэн байдаг. Ёроол хэсэг нь битүү хажидсан бат бөх. Өдөр тутмын хэрэглээнд зориулан урлаж байсан болохоор элдэв чамин хээ угалз багатай. Дархчуудаасаа хамаараад хийц нь арай өөр өөр байдаг. 

-     -Таны урласан  бүтээлүүдийг хүмүүс маш их сонирхож байна. Захиалга ихтэй тун зав муутай байна уу?

-   - Сүүлийн үед хүмүүс үндэсний гэсэн тодотголтой бүхий л зүйлдээ их хүндэтгэлтэй бэлгэшээлтэй хандах болсон. Элдэв хээ угалзтай гэхээсээ илүү яг л Ноён Сэврэй хийцээрээ мөнгөн аяга, эдлэлүүдээ захиалан хийлгэж байна.

-   - Сүүлийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших “Хуцын булаг” хэмээх газраас олддог цагаан шүрийг мөнгөтэй хоршуулан аяга, хөөрөг их хийж байна. Энэ нь манай аймгийн брэнд болж байгаа?

-     - Тийм байна.  Манай аймгийн хөөрөг чулуу хийдэг дархчууд ирж Ноён Сэврэй хийцээрээ мөнгөлүүлж хийлгэдэг. Чулуугаа өөлж цэвэрлээд төрөл бүрийн билэгдэлтэй сийлбэрүүдийг нарийн сайхан сийлж хийсэн байдаг. Манай хүргэн хүү Амаржаргал гэж дархан бий. Тэр хүү маань энэ аягыг хийж байгаа.


-        

-Т -Та хэр олон шавьтай вэ? Соёлын биет бус өвийг уламжлуулан өвлүүлэх нь их чухал юм?

-  - Дархны ажлаа тууштай хийж урлан бүтээж байгаа миний шавь 3-4 хүн бий. Манай хүү, хүргэн хоёр байна. Тэд энэхүү өв уламжлалыг цаашид өвлөөд аваад явчихна гэж боддог. Мөн хүүхэд байхаасаа намайг дагаж шавь болсон Ёндонжамцын Батсайхан, Мятавын Мөнхбат гээд байна. Хадаг барьж шавь орсон юм. Б.Олзмөнх гээд Гурвантэс суманд хүргэн болж ирсэн Дорнодын гаралтай хүн байдаг. Зарим нь ажил төрлийн шаардлагаас болоод заалгаж байсан ч дархнаа хийхгүй байгаа хүмүүс бий.

-     -Таны хувьд мөнгөн аягыг дагнан хийж байна уу? Өөр ямар урлалыг хийж байна вэ?

-   - Хүмүүсийн захиалгын дагуу Ноён Сэврэй хийцийн мөнгөн аягаа дагнан хийж байна. Ер нь эмээл хазаар, гоёл чимэглэл гээд мөнгөөр хийж болох бүхий л эдлэлийг урлаж хийдэг.



-     - Таны хувьд Ноён Сэврэй хийцийг хийж эхэлснээс хойш хэдэн аяга хийсэн байна. Тооцон үзэж байв уу?

-     -Ноён Сэврэй хийцийн аягыг 30 гаруй жил урласан байна. Багцаалдаж үзэхэд 5000 гаруй аяга болсон шиг байна лээ. 2011 онд Алтангадас одонд тодорхойлох гээд судалгаа авсан. Тэр үеэр тоолж үзсэн юм. Түүнээс хойшихоо нийлүүлээд тоолж үзэхэд ийм л тооны аяга хийжээ.

-     -Жилд ойролцоогоор хэдэн аяга урлаж байна?

-    -100 гаруй аяга л хийж байна. Нэг аягыг яг бариад суувал 3 хоногт  хийдэг. Сүүлийн үед хүүхдүүд хамтраад хийж байгаа болохоор арай хурдан хийдэг болсон.

-    - Идээний том таваг хийсэн байна. Хэр их мөнгө орсон бэ?

-    - Ийм идээний таваг хэд хэдийг хийсэн. Энэ тавганд 120 гаруй лан мөнгө орсон. Дотор талыг нь битүү мөнгөлсөн.


-   - Сүүлийн үед мөнгөний үнэ ханш их өсөж байна. 1 лан мөнгөний зах зээлийн үнэ нь хэд байгаа вэ?

-  - Анх аяга хийж эхэлж байхад 1 лан мөнгө 5000 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо бол 100 мянгад хүрсэн. 20 нугарсан үнэтэй болсон байна гэсэн үг шүү дээ.

-    -Танд Ноён Сэврэй хийцийн эрт цагт хийсэн аяга байдаг уу?

-   - Хуучны нэг аяга бий. Жүгдэрийн Эрдэнэтөгс гэдэг дархан байсан. Тэр хүн 1980-иад онд дүүдээ хийж өгч байсан аяга юм. Тэр дүү нь аягаа хүүхэддээ өвлүүлэн үлдээсэн. Хүүхэд нь одоогоор 60 гаруй настай. Ийм л түүхтэй 2 үе дамжаад явж байгаа Ноён Сэврэй хийцийн аяга юм. Энэ аягыг харахад элэгдэж гэмтээгүй хэвээрээ байж байна. Энэ хийцийн бат бөх чанарыг үүнээс  харж болно. 



-     -Соёл иргэншилдээ уялдуулж хийц загвараа гарган уран ухаан зарж хийж байжээ?

-    -Бид чинь нүүдэлчин удамтай. Тэр утгаараа байнга нүүдэллэн аягаа уутандаа хийн биедээ авч явдаг байсан. Авч явахад авсаархан, уут савандаа хийхэд тээглээд байхаар арзгар хээгүй, энгийн хийцийг эрхэмлэдэг. Мөн аяганы доод суурийг зузаан мөнгө оруулж хийхээс гадна тагшийг нь онгорхой гаргаж хийдэг нь хэрэглээний явцад норж хөгцөрч муудахаас хамгаалж байсан гээд олон давуу талуудыг дурдаж болно.

-      -Та бусад хийцтэй хоршуулж бүтээл урлаж байв уу?

-Хэдэн жилийн өмнө утсан сүлжмэлийг хөөмөлтэй хоршуулж мөнгөн аяга хийсэн. Гэхдээ хүмүүс нутгийн уламжлалт Ноён Сэврэй хийцээ л илүү сонирхож хийлгэдэг юм билээ. Ноён Сэврэй хийцийг хамгийн сайн хийдэг толгой дархан бол Дагдангийн Базар гэдэг дархан байсан. Тэр хүн бол Дарьганга хийцтэй хослуулж хийдэг дархан  байлаа.

-  -Өмнөговь аймгийн нутгийн баруун хэсэг Сэврэй сумын нутгаар Базар дархны хийсэн аяга, эмээл, хазаар их тааралддаг. Баяндалай суманд бол Данзан дархны хийсэн аяганууд үе үе дамжаад ирсэн байдаг юм билээ?

-   - Мядагийн Данзан гэж их мундаг дархан байсан. Саяхан 1990 он хүртэл амьд сэрүүн байсан даа. Мундаг авьяас билигт дархчуудын бүтээл өв соёл болон уламжлагдан үлддэг. 


-   - Өмнөговь аймгийн хэмжээнд Ноён Сэврэй хийцээр мөнгөн эдлэл хийдэг хэдэн хүн байдаг бол?

-   -Хүмүүс бий бий. Зарим нь их залуугаараа мөнх бусыг үзэх юм. Одоогоор хийж байгаа дархан гэвэл Н.Эрдэнээ, Б.Цоож, Ц.Сугир, Б.Чулуунбаатар, Н.Доржханд, Д.Олиг, Ё.Батсайхан, М.Мөнхбат, Б.Амаржаргал, Д.Батжаргал нар байна.

-    -Таны багш гэж ямар хүн байсан бэ?

-   - Багш гэж хүн байхгүй. Социлизмын үед чинь хувиараа юм хийхийг хориглодог үе байлаа. Баазад жолооч байсан Борхүү гэж мөнгөн аяга хийдэг хүн байсан юм. Тэр хүнтэй уулзаж зөвлөгөө авч аяга хийхэд хэрэгтэй зүйлийг мэдэж авч байсан даа. Мөн Ноён сумын Содном дархантай уулзаж зөвлөгөө авч байлаа. Тэгээд биеэ даагаад хийж эхэлсэн. Манай найзын ээж анх надад мөнгөн аяганы захиалга өгч байсан юм. Бүтэн сар нухаж байж хийж байсан. Дархчууд их ховор ингэж хийнэ гээд хэлээд өгөх хүн байхгүй. Өөрийн мэдрэмж гарын ураар л хийж эхэлсэн дээ.

-    -Дарханы  багажаа та өөрөө хийдэг үү?

-   -Ер нь л дархчууд алх дөшнөөсөө эхлээд өөрсдөө багажаа хийдэг. Яахав сүүлийн үед техник технологи хөгжсөн. Хөдөлмөр хөнгөвчилсэн зарим багаж бий болсон байна.

-     Үндэсний гайхамшигт өв соёлыг өвлөн тээж өвлүүлэн уламжлуулж яваа эрхэм танд ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ