ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Баянхонгорт 60 орчим тэрбум төгрөгийн 36 төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-15 14:29:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн төслийг эцэслэн баталсан. 2023 оны улсын төсвөөс Баянхонгор аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг (татаас) 19.8 тэрбум төгрөг, аймгийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 12.6 тэрбум төгрөг, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 16 сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал 957.2 сая төгрөгөөр тус тус баталжээ.


Ирэх онд Баянхонгор аймагт Улсын төсвөөс 60 орчим тэрбум төгрөгийн 36 төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх юм байна. Хөрөнгө оруулалтын задаргааг авч үзвэл,


Боловсролын салбарт Баянхонгор сумын 960 хүүхдийн сургуулийн барилга, Баянхонгор сумын 240, 320 хүүхдийн сургуулийн барилга, Номгон ахлах сургуулийн өргөтгөл, 100 ортой дотуур байр, Богд сумын дотуур байр, Баян-Овоо сумын цэцэрлэгийн барилгын үлдэгдэл санхүүжилт, Баянхонгор сумын Дуурсах III багийн цэцэрлэгийн барилгыг буулгах, шинээр барих болон боловсролын тоног төхөөрөмжийн зардалд нийт 8.8 тэрбум төгрөг,


Эрүүл мэндийн салбарын хувьд аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн барилга, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын Эрүүл мэндийн төвийн үлдэгдэл санхүүжилт болон тоног төхөөрөмжийн зардалд 5.2 тэрбум төгрөг,


Соёл, спортын чиглэлээр Баянхонгор сумын усан бассейн, Шинэжинст сумын спорт заал, Өлзийт, Хүрээмарал, Баянлиг сумдын соёлын төвийн барилгын үлдэгдэл санхүүжилтэд 5.0 тэрбум төгрөг,


Орон сууц, дэд бүтцийн чиглэлээр Шинэ суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ, 10 км хатуу хучилттай авто зам, Баацагаан суманд хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийн дэд бүтэц, Баянхонгор сумын дэд станцын өргөтгөл, гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ болон үүрэн холбооны сүлжээний дэд бүтэц нийт 22.7 тэрбум төгрөг,


Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хувьд ХАА, үйлдвэрлэлийн кластер байгуулах, ХАА-н кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлэхэд нийт 11.9 тэрбум төгрөг,


Засаглалыг сайжруулах, сум, багийн хөгжлийн чиглэлээр багийн Засаг дарга нарыг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих төслийн тоног төхөөрөмж нийлүүлэх, Богд, Жаргалант сумдад цагдаагийн тасгийн барилга барих, Баацагаан, Галуут суманд “сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлэх болон  Баацагаан сумын Засаг даргын тамгын газрын барилгын үлдэгдэл санхүүжилтэд нийт 6.2 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан байна.

Холбоотой мэдээ