БАЯН-ӨЛГИЙ: Б.Базылханы мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Алтай судлал, түрэг, монгол, казах судлалын
харьцуулсан хэл шинжлэлийг анхлан үндэслэгч, Монголын Шинжлэх ухааны академийн
Хэлний хүрээлэнгийн тулгын чулууг тавилцагчдын нэг Бухатын Базылхан агсны
мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байна.
Ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Их сургуульд энэ сарын 29-ний өдөр эрдэм
шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ.
Уг үйл ажиллагааг МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатар хот дахь
Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл зэрэг байгууллага хамтран явуулах юм.
Эрдэм шинжилгээний бага хурлаар эрдэмтэн судлаачид Хэл шинжлэлийн ухааны
доктор, профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Базылхан
гуайн шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, бүтээлүүдийн талаар итгэл
тавьж хэлэлцүүлэх аж.
Б.Базылхан нь 1960 онд МУИС-ийг
монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, 1960-1994 онд ШУА-ийн Хэл
зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах, ахлах, тэргүүлэх ажилтан, 1994-1999
онд Бүгд Найрамдах Казахстан Улсын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1999 оноос Монгол Улсын ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь
Нийгэм-эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тус тус ажиллан эрдэм
шинжилгээний өгүүлэл, нийтлэл шүүмж олныг туурвисан байна.
Тэрбээр, 1975 онд Казахстаны Алматы хотноо "Монгол казах хэлний харьцуулсан
түүхэн хэлзүй" сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний, 1993 онд "Монголын
казахуудын хэл ба түүний бусад Алтай
хэлнүүдтэй хамаарлын асуудал" сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ.
Мөн "Казах-монгол толь" (30 000
орчим үгтэй, 1977), "Монгол-Казах толь" (40 000 орчим үгтэй, 1984), "Монгол-Казах хэлний харьцуулсан үг
зүй" (1975), "Казах-монгол хэлний
харьцуулсан түүхэн хэлзүй" (авиа зүй, 1999), "Казах монгол хэлний харьцуулсан түүхэн
хэлзүй" (үг зүй, 2000), "Монголын казахуудын
хэл" (1991), "Эртний түрэг бичээсийн
хэлний үгийн бүтэц" (1984), "Краткая сравнительно-историческая грамматика
монгольского и казахского языков" (1974), "Монгол хэлний сурах бичиг" зэрэг
суурь судалгааны 20 гаруй бүтээл, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж
ОХУ, Казахстан, БНХАУ зэрэг орны эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж
байсан ажээ.