Архивын үйл ажиллагааг цахим түвшинд авчрах шаардлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-11-17 10:18:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд болж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ Монгол төрийн ой санамжийг 800 жилийн турш өвлөн тээж ирсэн архивчдын албан хэрэг хөтлөлт нь эзэн Чингис хааны үеэс эхтэй болохыг тодотгосны зэрэгцээ Орчин цагийн архив, албан хэрэг хөтлөлт нь Ардын хувьсгал ялсан 1921 оны үеэс улбаалан өдгөө цагт уламжлагдан ирсэн болохыг онцоллоо. 

 

Мөн тэрбээр цааш хэлэхдээ, “Өнгөрсөн хугацаанд архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн орчин, үндсэн тогтолцоог бүрдүүлсэн ба улмаар эдүгээ цахим архивын эрин үед хүрч ирсэн нь үе үеийн архивчдын идэвх санаачилга, бодит оролцооны үр дүн юм. Иймд архивчдын ажил үйлс, үйл хэргийг идэвхжүүлэх үүднээс цаашид уг чуулганыг 4 жилд тутамд тогтмол зохион байгуулна.


Ингэхдээ уг салбарын хөгжлийг түргэтгэх хүрээнд дараах асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй. Иймд:


Нэгд, гадаад улс оронд хадгалагдаж буй үндэсний түүхэн эх баримтыг сурвалжлан илрүүлэх, эх орондоо эргүүлэн авчрах, сэргээн засварлахад онцгой анхаарах. 


Хоёрт, орчин үеийн техник технологи, инноваци бүхий бусад улс орны сайн туршлагыг судлан нэвтрүүлж, архивын үйл ажиллагааг цахим түвшинд авчрах, архивт хадгалагдаж буй өв, баримт сэлтийг нийгэм, эдийн засаг, судалгааны эргэлтэд оруулах.Тухайлбал, иргэдийн ургийн бичиг хөтлөлтийг хялбаршуулах.


Гуравт, архивын сан хөмрөгийг шинээр баяжуулах, түүхэн үйл явдал, түүхэн хүмүүсийн дуу хоолой,  баримт сэлтийг хадгалан авч үлдэх.


Дөрөвт, архивын ажилтнуудыг сургах, цалин хөлсийг нь шат дараатай нэмэгдүүлэх, тэдний гадаад хэлний болон сурвалжийн хэлний мэдлэгийг сайжруулах чиглэлд анхаарах хэрэгтэй. Үүнд, төр засгийн бодлого чухлаас гадна та бүхний идэвх, санал санаачилга мөн чухал хэмээгээд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.


Архив, албан хэрэг хөтлөлтын өнгөрсөн хугацааны сургамж, цаашдын үйл хэргийг тодотгох зорилго бүхий тус чуулганд 500 гаруй албан хаагч оролцож байна.


Холбоотой мэдээ