Төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдгийг болиулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-17 14:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хууль батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэл нэрээр богино хугацаатай, үр ашиг муутай төслийг хэрэгжүүлдэг, улмаар төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдал арилж, төсвийн ачаалал буурах эрх зүйн орчин бүрдэх аж.


Хэлэлцүүлгийн түвшинд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Төр дангаараа том төслүүдийг хэрэгжүүлэх бололцоогүй. Засгийн газар томоохон зорилтуудыг дэвшүүлээд буй. Тэдгээр зорилтыг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй" гээд дэмжиж байгаагаа илэрхийлсэн.


Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр урьдчилсан үнэлгээг түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хийхээр байсныг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бие даан хийхээр, урьдчилсан үнэлгээг 30 хоногийн дотор хийхээр, түншлэлийн төслийг урьдчилан зарлах хугацааг 12 сар хүртэл байхаар тус тус өөрчлөлт оруулаад буй. Мөн түншлэлийн гэрээний төрөлд барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх хэлбэрийг шинээр нэмж тусгасан байна.


Түүнчлэн орон нутгууд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх эрхтэй байх ба нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн 10 хуваасны 1 хувиас хэтрэхгүй байхаар, Засгийн газар уг эрхийг олгодог байх зохицуулалтыг тусгажээ. 


Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа ба тус хуулийн төсөлтэй холбогдуулж байнгын хорооноос гаргасан 83 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.

Холбоотой мэдээ