Аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад тэргэнцэр олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-18 09:01:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, саадгүй хүргэх зорилгоор олон улсын байгууллагын дэмжлэгээр 21 аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад энэ сарын 17-ны өдөр 258 ширхэг тэргэнцэр олголоо.


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Эрүүл мэндийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид онцгой анхаарч Хэнийг ч үл орхигдуулахгүй байх зарчимд нийцүүлэн ажиллах”-ыг эмнэлгийн удирдлагуудад онцгойлон захив.
       
Ташрамд дурдахад Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орж, 2016 оноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийг баталсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЭМЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/174 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл нь сүүлийн хоёр жил коронавируст халдварт цар тахлын үеийн тусламж, үйлчилгээнд түлхүү анхаарч, цар тахалтай холбоотой хил гаалийн нөхцөл байдалд эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүсэх үеийн холбогдох зохицуулалтыг хийж ажилласан бол 2022 оны хоёрдугаар хагас жилд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 33 дугаар тэмдэглэлийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд түлхүү анхааран ажиллаж байна.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал болон эмнэлгийн удирдлагууд оролцов.




Холбоотой мэдээ