ӨВӨРХАНГАЙ: Таеквондогийн бага насны Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-21 16:00:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын гавьяат тамирчин С.Ган-Эрдэнийн нэрэмжит таеквондогийн бага насны Улсын аварга шалгаруулах тэмцээн Арвайхээр хотод болж дууслаа.


2019 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулснаас хойш ковидын цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан тус тэмцээн энэ удаа өргөн цар хүрээтэй болж, хот, хөдөөгийн 43 клуб, байгууллагаас 480 гаруй тамирчин 8-9, 10-11 насны ангиллаар 30 жинд ур чадвараа дайчлан өрсөлдсөн юм.



Тэмцээн энэ сарын 15-17-ны өдөр хүртэл гурван өдөр үргэлжилж, А ангилалд “Кёнхи” клуб, В болон С ангилалд “Эхлэл” клуб тус тус тэргүүн байр эзэллээ. “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар “Таеквандо хөгжлийн төв”-ийн тамирчин Б.Баяржавхлан, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Өвөрхангай аймгийн “Шонхор” клубийн тамирчин Э.Анар нар шалгарав.



Мөн Өвөрхангай аймагт Таеквондогийн холбоо үүсэж хөгжсөний 10 жилийн ойд зориулсан цомын тэмцээнийг 11 дүгээр сарын 18, 19-ний өдөр зохион байгуулж, 46 байгууллагын 780 гаруй тамирчин өрсөлдсөн байна.


Ташрамд дурдахад, Өвөрхангай аймгийн таеквондогийн “Шонхор” клубийн тамирчид 2017 оноос хойш УАШТ-д тасралтгүй 5 удаа тэргүүлсэн, дэлхийн аваргын хүрэл медальтан, Азийн гурван аварга, 40 гаруй спортын мастер, дэд мастерыг төрүүлсэн шилдэг холбоо юм. 

Холбоотой мэдээ