ӨВ СОЁЛ: Бүтээл бүхэн өөрийн гэсэн гайхамшгийг бүтээж, түүхээ бичиж байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-22 08:11:22

Төв /МОНЦАМЭ/ Соёлын бүтээлч сарын хүрээнд Төв аймгийн Нийтийн номын санд “Керамик”-ийн 40 гаруй бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээл болон керамикийн урлалын талаар Монголын урчуудын эвлэлийн Төв аймаг дахь салбарын Керамикийн уран бүтээлч Ц. Цэрэндоржтой ярилцлаа.


-Керамик урлал Төв аймагт хэдий үеэс хөгжсөн бэ? Орон нутагт керамик урлал үүссэн анхны аймаг гэж сонссон?

-Төв аймаг бол керамик үйлдвэрлэлийн өлгий нутаг юм. 1960 онд Төв аймагт Урчуудын эвлэл байгуулж, дэргэд нь керамикийн тасагтай болсноор ваар урлалын үйлдвэрлэл нь ахуйн болон гоёл чимэглэл уран бүтээлийн чиглэлээр ажиллаж байгаад 1990 оноос эхлэн зах зээл, нийгмийн хувьслын үр дүнд татан буугдсан нь үйлдвэрлэл зогсонги байдалд орсон түүхтэй.

1990 оноос хойш хэсэг ажилчид нь бие даасан уран бүтээлчид болж хоршооллын хэлбэрт шилжин керамик урлалаар орон нутаг улсын чанартай яармаг үзэсгэлэн худалдаанд оролцсоноор керамик үйлдвэрлэл тасралтгүйгээр уламжлагдан өдий хүрсэн. 1990-ээд онд 18 аймгийн урчуудын салбар тарж тухайн үед бид ч мөн адил үйлдвэрийн ажилтан байсан учраас үйлдвэрлэлээ зогсоож хоршоолох нь хоорондоо нэгдэж, зарим нь бие даасан уран бүтээлчид болсон. Энэхүү ваар урлал нь бусад аймагт байхгүйгээрээ онцлог. Манайхаас гарч байсан бараа бүтээгдэхүүнүүд хангамжийн бараа бүтээгдэхүүн болж эд цэцэглэн хөгжиж байсан сайхан цаг бий.


-Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг товч танилцуулбал? Нийт хэдэн хүний уран бүтээлүүд дэлгэгдсэн бэ?

-Керамикийн холбоо гэж аймаг болгонд нээж байгаа бөгөөд аймагтаа бид 4 дүгээр сард нээсэн. Энэхүү үзэсгэлэнд Д.Ганбат, Л.Давааням, Г.Ганбаатар, Б.Туул, Ц.Цэрэндорж гэсэн 5 уран бүтээлчийн 40 гаруй бүтээлийг дэлгэсэн байна. Бидний үед үйлдвэрлэл болон уран бүтээлийн хэсэг гэж хосолж явдаг байсан. Өнөөдөр бид уламжлалаа таслахгүй байхаар уран бүтээлийн чиглэлээр хийж байна. Сувинер, бэлэг дурсгалын чиглэлээр мэргэжлийн керамикийн уран бүтээлчидтэй хамтран үзэсгэлэн зохион байгуулж ирсэн. Орчин үеийн нөхцөл байдалд тааруулан хэлбэр, дизайныг шинэчлэн хийж байна. Энэ сарыг соёлын сар гэж зарласан учраас онцлог зүйлээрээ соёлынхоо өдрийг тэмдэглэн, сурталчлахаар болж үзэсгэлэн дэлгэж байгаадаа бид бүхэн их баяртай байна.  


-Таны хувьд хэдий үеэс керамик урлалыг сонирхох болсон бэ?

-Миний бага нас сургуулийн үеэс эхлэх түүх юм. Сургуульдаа их гарын дүйтэй байсан юм шиг байна билээ. Багш нар ханын сонин, самбар, багт наадам, ангийн тохижилтод зориулж маш олон зүйлийг хийлгэдэг байсан. Ангийн багш минь зургийн багш С.Цэдэв гэж хүн байсан учраас их дэмждэг байсан. Зураг л зурдаг хүүхэд байсан юм тэгтэл 1978 онд радиогоор Дүрслэх урлагийн дунд сургуульд орох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байна гэсэн зарлалыг сонсоод бүртгүүлэхээр очсон. Олон төрлийн ангиудаас тухайн үед биет, бодит болгож үйлдвэрлэж байгаа керамик урлал их сонирхолтой санагдаж сонгоод 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг керамикийн мэргэжлээр төгссөн.  

 

-Хэлбэр хийц, дизайн санаагаа яаж олдог вэ?

-Санаа их олон янз бөгөөд санаанд хязгаар гэж үгүй. Гудамжинд зогсож байгаа настныг хараад л эмээ, өвөөгийн баримал хийчихье гэдэг ч юмуу, орчноос, төсөөллөөс, шинэ зүйлийг үзэж харах гээд маш олон нөхцөл байдлаас бүтээл төрөх агшин өөр өөр байдаг.


-Керамик бүтээл хийдэг үйл явцын талаар? Түүхий эд материал нь юу вэ?

-Гол түүхий эд нь шавар. Дээр үед шавраар дархнууд л ямар нэгэн бүтээгдэхүүн хийдэг байлаа. Ер нь бол Монгол орон өөрөө гол түүхий эдийн олдоц элбэг гэдгээрээ онцлог. Үйл явцын хувьд маш товч тайлбар өгвөл олдоцтой газруудаас шавраа авч ирээд дэвтээнэ, шүүнэ, барваандаж боловсруулаад агшаах эсвэл шахдаг. Бэлдэц нь сайхан зуурсан гурил шиг болохоор нь бүтээл рүүгээ ордог бөгөөд энэ бүтээл маань бэлэг дурсгал, ахуйн хэрэглээ, уран бүтээлийн гээд ямар ч чиглэлтэй байж болно.

Бүтээл хийх гол аргууд нь цутгуурын, хэвийн, хүрдний арга гэж байна. Эдгээр аргуудын аль нэгийг сонгон урласан бүтээлийнхээ бүрэн чийгийг нь гаргаад хатсан шавар бүтээгдэхүүнээ 900-1100 градусын халуунд боловсруулалт хийх эхний шатаалтыг гүйцэтгэнэ. Дараа нь гоёл чимэглэл буюу пааландах үйл явц бөгөөд үүнийг дүрэх, шүрших, зурж хийх гэсэн аргуудаас сонгон чимэглээд дахин 1000 гаруй градусын халуунд хоёр дахь шатаалтыг гүйцэтгэнэ. Ингээд гарч ирэхэд гадаргуу гялгар бүрэн боловсорсон бүтээл болох юм.


-Керамик урлалын ач холбогдлыг уран бүтээлч болон ашиглаж буй иргэдийн талаас тайлбарлавал?

-Уран бүтээлчийн хувьд бол маш их тэвчээр, уйгагүй хөдөлмөр, аливаа зүйлийг хайрлаж энэрэх, тайвшралыг олох, гоо зүйн өндөр мэдрэмж зэргийг цогцлоодог урлаг юм. Харин худалдан авч буй иргэдэд сав суулга, цэцгийн ваар зэргээр ахуйн хэрэглээндээ хэрэглэх эрүүл аюулгүй ач холбогдол бүхий эд зүйл бөгөөд том талбай, барилга байгууламжийн интерьер зэрэгт үзмэр болгож хэрэглэж байгаа нь гоо зүйн таашаалыг өгч, хүмүүний сэтгэлийг татсан тайвшрал өгөхүйц урлагийн бүтээл болж байна гэдгийг харж болно.


-Керамик урлал нь баримлаас юугаараа ялгарах вэ?

-Сийлбэрээр ч баримал хийж болдог ба баримлыг ямар ч шавраар хийх боломжтой байдаг бол керамик нь өөрөө шаварт нь тохируулж бүтээлээ урладаг. Цөөн үгээр тодорхойлбол керамик урлал нь шавартаа зориулж бүтээлээ гаргадаг.


-Таны керамик урлагийн бүтээл энд дэлгэсэн бусад бүтээлээс юугаараа онцлог вэ?

-Миний хувьд хүрдний керамик буюу эргүүлгээр хийдэг. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс үүгээрээ ялгарч байгаа болов уу гэж бодож байна.


-Бүтээлээ гаргахдаа хэдий хугацааг зарцуулдаг вэ? Таны бүтээлүүдийг ажиглаад байхад өвөрмөц нэртэй юм. Бүтээлдээ зориулж нэрээ гаргадаг уу? Нэрдээ зориулж бүтээл туурвидаг уу?

-Бүтээлдээ зориулан нэрээ бодож олдог. Юу гэж хэлбэл миний бүтээлийг хүлээж авах нь эерэг байх бол гэсэн горьдлого байдаг. Хэлбэр, хийц, хэмжээнээс хамааран гүйцэтгэх хугацаа өөр өөр байдаг. Зарим бүтээлтэй нь 2-3 өдөр л болж байхад заримтай нь 3,4 сар цаашлаад жил хүрэх ч тохиолдол бий. Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн хамгийн урт хугацааны бүтээл гэвэл “Учрах тавилан” юм. Нийт 20 гаруй хоног загвараа гаргах гэж бодож үлдсэн хугацаанд нь үйлдвэрлэсэн.  


-Сэтгэлд тань үлдсэн бүтээл гэж байдаг уу?

-Хүүхдүүдээ ялгадаг эцэг эхчүүд байдаггүй шиг бүх бүтээлдээ бий хайртай.


-Уран бүтээлч хүн бүрд тулгамддаг нэгэн асуудал бол санхүүгийн бэрхшээл байдаг. Та үүнийгээ ямар байдлаар зохицуулдаг вэ?

-Тийм шүү. Уран бүтээлчид бидэнд тэр дундаа завсарлаж байсан түүхэн цаг үе бий учраас эргээд сэргэлт авах хугацаа хэрэгтэй л байна. Одоохондоо иргэдэд таниулж мэдүүлэхэд ч тэр цаг хугацаа нэлээдгүй шаардагдана. Гэхдээ бид сүүлийн жилүүдэд үзэсгэлэн худалдаа, томоохон үзэсгэлэнд бүтээлүүдээ дэлгэснээр бага багаар танигдаж байна. Ингээд хийж борлуулсан ажлынхаа төлбөрөөр дараагийнхаа бүтээлийг хийдэг болсон. Энэ хооронд бол хүндрэл бэрхшээл бас тулгарна, учир нь нэгийгээ арилжиж байж нөгөөгөө үйлдвэрлэж байна.


-Худалдаж авахыг хүссэн иргэд холбогдох боломж бий юу? Сургалтын төв байгуулах тухай ярьж байсан. Энэ талаар?

-Төв аймгийн керамикийн холбоонд харьяалагддаг, энэ үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн 5 уран бүтээлчтэй холбогдоно. Сургалтын төвтэй болчихвол шууд бидэн дээр ирээд уулзах боломжтой болох юм. Бидний санаа зовж буй зүйл нь залгамж. Цаашид өвлөн уламжлуулах, энэ үйлдвэрлэлийг тасалдуулахгүй байх тал дээр аймгийн удирдлагуудад уламжилж эхний ээлжинд боловсон хүчин, залуу үеийг сургах, залгамж халааг бий болгоход, сургалтын асуудалд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Энэхүү сургалтын төвөөрөө Керамик сургалт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд хоёр ангилал чиглэлээр ашиглуулна. Үүнд Зуунмод сумын сурагчдыг насны ангиллаар авч суралцуулах, сайн дурын сонирхогч насанд хүрэгчдийг татан оролцуулах, гэсэн хоёр чиглэл байх юм. Ингэснээр тэдэнд үйлдвэрлэл, урлаг гоо зүйн мэдлэг мэдээлэл олгох юм. Мөн бие бялдарт нь тохируулаад зааж сургах, идэвхжүүлэх сонирхолтой байна.

Түүнчлэн сургалтын төвтэй болсноор олон нийтэд тус урлагийн талаар сурталчлан таниулах, эх хувийг олшруулж бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зах зээлд гаргах, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж харж байна.


-Энэхүү урлалын үнэ цэн яг хаана оршдог вэ? Таны бодлоор?

-Керамикийн урлал бол сэтгэн бодох, бие бялдар, сэтгэлзүйгээ амраах стресс ядаргаагаа тайлах боломжтой урлаг юм. Бие сэтгэлийн таашаал, зүрх, тархи, гарын ур чадвараа шингээж, бүхий л эд эсийг амьд түвшинд мэдрүүлж чаддагаараа үнэ цэнтэй урлаг юм. Бүтээлтэйгээ нэгэн цогц бие махбод болж байж урладаг учраас бэлэн болсон бүтээл бүхэн өөрийн гэсэн гайхамшгийг бүтээж, түүхээ бичиж эхэлж байдаг гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.   

 

 

Холбоотой мэдээ