Mөнгөний нийлүүлэлт 27.3 их наяд төгрөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-22 07:43:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 183.4 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд валютын харилцах 1.9 (82.2 хувь) их наяд, валютын хадгаламж 611.4 (15.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Бага мөнгө (M1) энэ оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 128.7 (2.1 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 358.5 (6.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Бага мөнгө (M1)-ний 5.3 (87.8 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 735.6 (12.2 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө юм.


Бараг 2022 оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 79.6 (0.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 175.2 (0.8 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Бараг мөнгөний 12.4 (58.5 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.6 (21.9 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.1 (19.6 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байв.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 6.9 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 81.6 (7.5 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 


Гадаад цэвэр актив энэ оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 113.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 676.4 (85.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.2 (97.4 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив 27.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 468.1 (1.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.4 (19.5 хувь) их наяд төгрөгөөр  нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн аж.

 

Холбоотой мэдээ