Английн шигшээ баг 6:2-оор Ираны шигшээг хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-22 09:19:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий дахь өдөр 3 тоглолт болсны хамгийн эхний тулаан Англи, Ираны шигшээ багуудын хооронд өрнөж  Ази тивийн хүчирхэг баг Ираны хаалганд Английн шигшээ 6 гоол оруулж анхны хожлоо авлаа.


Харин Ираны шигшээ багаас Мехди Тареми 2 гоолыг өрсөлдөгч багийн хаалганд оруулсан юм. Энэ тоглолтын эхний гоолыг 19 настай Жуд Беллинхем оруулж, багтаа тэргүүллийг эхлүүлсэн бол түүний араас тоглолтын шилдгээр шалгарсан 21 настай Букайо Сака, улмаар Рахим Стерлинг, Маркус Рашфорд, Жек Грилиш нар гоолдож багтаа ялалт авчирлаа.




Тоглолтын дараа Жуд Беллинхем “Миний хувьд бахархалтай мөч тохиолоо. Үнэндээ ийм гоол оруулахын тулд олон жил шаардлагатай тул алдчихлаа л гэж бодсон. Бид энэ ялалтаас урам авч, дарамт багасч байгаа ч дахиад 2 хожил авах ёстой” гэжээ.


Тэгвэл Ираны дасгалжуулагч Карлос Кейроз “Би багаараа бахархаж байна. Тэд босч, тэмцсээр хүнд нөхцөлд 2 гоол орууллаа. Тэд сайн тоглосон” гэв.




Энэ өдрийн 2 дахь тулаан Сенегал, Нидерланд улсын шигшээ багуудын хооронд болж 2:0-ээр Нидерландын баг хожиж, ДАШТ-ийг ялалтаар гараагаа эхлүүллээ.


ДАШТ эхлэхийн өмнө шигшээ багийнхаа гол хүн Садио Мане нь бэртлийн улмаас багтаа тоглох боломжгүй болсон бөгөөд энэ тоглолтод Африкийн арслангууд Нидерландын эсрэг 83 минут маш сайн тоглосон. Энэ хүртэл хоёр багийн тоглолт хамгаалалт дор, ширүүн тэмцэл өрнөсөн ч 2 баг гоол оруулж чадаагүй байв.


Харин 84 дэх минутад Нидерландын Годи Гакпо гоолдож, цэнгэлдэхийн уур амьсгалыг өөрчилж, нидерландчуудаа баярлуулсан. Сенегалын шигшээ гоол оруулахыг ихэд хичээсэн ч Нидерландын хана хэрэм мэт хамгаалалтыг нэвтэлж чадаагүй бөгөөд тоглолтын 90+9 дэх минутад Дави Клаассен гоолдож, Нидерланд хэсгийнхээ хүчирхэг өрсөлдөгчийг 2:0-ээр яллаа. Тоглолтын шилдгээр 23 настай Годи Гакпо тодорчээ


Дараагийн тулаан АНУ-ын шигшээ баг, Уэльсийн багтаа тоглож тэд 1:1-ээр тэнцсэнээр тус 2 баг оноо хувааж, нөгөө талд Ираны шигшээд боломж олгож орхилоо.




Тоглолтын эхний үед АНУ-ын шигшээ багийн Тимоти Веа гоол оруулсан ч тэд хожлоо хадгалж чадалгүй 2 дугаар үед гоол алдсан юм. Харин Уэльс 64 жилийн дараа ДАШТ-д оролцож, Гарет Бэйл тоглолтын төгсгөлд торгуулийн цохилтоос гоол оруулж, хүнд тоглолтоос ганц оноо авч чадлаа. 



Холбоотой мэдээ