Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-22 14:04:35

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газартаа болон эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ удирдлагад халаа сэлгээ хийж магадгүй тухай “Mainichi” сонин мэдээлжээ. 


К.Фүмиогийн танхимын сайд нар “Эв нэгдлийн сүм” гэх шашны байгууллагатай холбоотой байсныхаа улмаас огцорсонтой холбоотой хэд хэдэн дуулиан гараад буй үед дээрх мэдээ гарч байгаа юм. 


“Mainichi” сонинд мэдээлснээр, Засгийн газрын бүрэлдэхүүнийг парламентын чуулган эхлэхийн өмнө 12 дугаар сүүлч, нэгдүгээр сарын эхээр өөрчилж магадгүй байна. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдээлэлд тайлбар хийхдээ, "энэ асуудал нь зөвхөн Ерөнхий сайдын бүрэн эрхэд байдаг учраас би хариулж чадахгүй. Гэсэн хэдий ч миний мэдэж байгаагаар энэ асуудлыг авч үзэж байгаа гэх мэдээ баримт бодит байдалтай нийцэхгүй байна” гэжээ. 


Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнгөрсөн долоодугаар сард бусдын гарт амиа алдсаны дараа “Эв нэгдлийн сүм” гэдгээрээ илүү танигдсан “Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо” хэмээх шашны байгууллагатай тус улсын улстөрчид ямар хэлхээ холбоотой талаар мэдээллүүд ил болж эхэлсэн. Гэмт этгээд байцаалт өгөх үеэрээ ээжийнх нь бараг бүх хадгаламжийг луйвардаж авсан энэ байгууллагатай Абэ холбоотой байсан нь гэмт хэргийнх нь сэдэл болсон гэж мэдүүлсэн юм.


ЛАН-аас парламентад сонгогдсон депутатууд, сайд нарын танхимын гишүүдийн тал шахам нь “Эв нэгдлийн сүм”-тэй холбоотой байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Японы иргэдийн 80 гаруй хувь нь ийм хэлхээ холбоог таслан зогсоохыг шаардаж байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ. 


Өнгөрсөн сард К.Фүмиогийн танхимаас гурван сайд уг сүмтэй холбоотой байсан нь ил болсонтой холбоотойгоор огцорсон бол Засгийн газрын рейтинг 30 орчим хувьтай хэвээр байна. 


Холбоотой мэдээ