ХӨВСГӨЛ: Үндсэн хуулийн цогцолборын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-23 10:57:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч доктор профессор Б.Чимид агсны нэрэмжит Үндсэн хуулийн цогцолборын шав тавилаа.


Цогцолборт шинэ үндсэн хуулийг боловсруулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг дурсан, ирээдүй хойч үедээ бахархан дуурайх үйлсийг мөнхжүүлэхээр Б.Чимид агсны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм.

Б.Чимид нь Монгол Улсад хууль зүйн албыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн ардчилсан шинэ тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэх, Шинэ ардчилсан Үндсэн хуулийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, ардчилсан Үндсэн хуулийг батлахад эхийг баригчаар ажилласан бөгөөд 1992 онд Монгол Улсын Гавьяат хуульч цол олгож байжээ.

Тус үйл ажиллагаанд Чимид сангийн тэргүүн Ч.Сайнсанаа болон аймаг орон нутгийн удирдлагууд, Иргэдийн хурлын төлөөлөгч нар оролцлоо. Цогцолборын зураг төсөв, санхүүжилтийг "Чимид сан" бүрэн хариуцах ажээ.

 

 

Холбоотой мэдээ