БАЯН-ӨЛГИЙ: Хоршоодын төлөөлөл Увс аймагт туршлага судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-23 13:06:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон хоршоологчдын төлөөллүүд энэ өдрүүдэд Увс аймагт туршлага судалж байна.


Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургуланаар ахлуулсан ажлын багт тус аймгийн хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, гар урлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоодын төлөөллөөс 15 хүн багтжээ.


Ажлын баг Улаангом хотод хоршоологчдод зориулсан тусгай сургалтад суухаас гадна Увс аймгийн үйлдвэр эрхлэгчид болон хоршоодын үйл ажиллагаатай танилцаж байна.


Тухайлбал, "Увс хүнс" компанийн хүнсний үйлдвэр, "Дөрвөнбулаг Увс гутал", "Сансаржим хоршоо", "Уран чадамж" компанийн гутлын үйлдвэр, "Ойрад хийц" модон эдлэлийн үйлдвэр, "Содномин уулс" компанийн оёдлын үйлдвэр, "Ус эрдэнэ" чацарганын үйлдвэрийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж туршлага судалж байна.


Тухайн аялал нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хоорондоо харилцан мэдээлэл, туршлага, солилцох хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд хэлж байна.  

Холбоотой мэдээ