ГОВЬ-АЛТАЙ: Л.Галбадрах: Аймгийн хэмжээнд он гарсаар зам тээврийн ослын улмаас 7 хүн амиа алдсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-02 15:28:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийг дурсах дэлхийн өдрийг 11 дүгээр сарын 3-4 дэх долоо хоногт тэмдэглэж ирсэнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн прокурорын газраас холбогдох албадтай хамтран “Сайн жолооч” үйл ажиллагааг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагааны талаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Л.Галбадрахтай ярилцаж холбогдох мэдээллийг авлаа.


-Говь-Алтай аймгийн Прокурорын газраас “Сайн жолооч” үйл ажиллагааг өрнүүллээ. Ямар зорилгоор зохион байгуулсан бэ, ач холбогдол нь юу байв?

-Аймгийн прокурорын газраас Говь-Алтай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагтай хамтран 11 дүгээр сарын 29-нд “Сайн жолооч” үйл ажиллагааг аймгийн төв Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт зохион байгууллаа. 

Эл үйл ажиллагааг зохион байгуулах болсон шалтгаан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг тэр дундаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил ихээр үйлдэгдэж байгаа тул дээрх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл өгөх зорилгоор өрнүүлсэн. 

Тодруулбал, жил бүрийн 11 дүгээр сарын 3-4 дэх долоо хоногийг зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийг дурсах дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн, үүнтэй холбогдуулан дээрх үйл ажиллагааг зохион байгууллаа. 


-Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийг дурсах дэлхийн өдрийн хүрээнд дээрх үйл ажиллагааг зохион байгууллаа гэлээ. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ төрлийн ослын улмаас хэчнээн иргэн хохирсон байдаг вэ? 

-Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд 5155 хүн нас барсан бол эхний 10 сарын дотор зам тээврийн ослын улмаас 477 хүн амиа алдсан гэх харамсалтай тоон үзүүлэлт гарсан байна.

Манай аймгийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил жил ирэх тусам өссөн болох нь судалгаагаар тогтоогдсон. Говь-Алтай аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 7 хүний амь эрсдэж, 19 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. 


-Зам тээврийн ослын дийлэнх шалтгаан нь юунаас үүдэлтэй байна. Энэ тухай судалгаа бий байх?

-Олон шалтгаан нөхцөлтэй. Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал сүүлийн таван жилийн хугацаанд жил бүр нэмэгдэж байна. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дээрх төрлийн зөрчил 291 бүртгэгдсэн байгаа нь анхаарал татаж байна. Дээрх иргэдэд шүүхээс 7-30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, албадан сургалтад хамруулж шийдвэрлэсэн. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэн баривчлагдсан этгээдүүдээс 15 орчим хувь нь 2 ба түүнээс дээш дахин зөчил үйлдэж баривчлагдаж байсан этгээдүүд байна. 

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 502 иргэн байгаа бөгөөд дээрх иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж 400.000 төгрөгөөр торгуулжээ. 

Зам тээврийн осол гарч байгаа шалтгаан нь жолоочийн анхаарал болгоомжгүй байдал, хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар ярих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэдэггүй байдал ихээр нөлөөлж байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлдэг, хамгаалах бүсийг жолооч болон зорчигч нараас хэрэглэж хэвшээгүй байдал нөлөөлж байна.  



-Зам тээврийн осол зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодогчоос хамаарахгүй, үүнд явган зорчигчийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн осол цөөнгүй гардаг гэсэн баримт судалгаа байдаг. Энэ тухай мэдээлэл өгвөл?

-Замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо зөвшөөрөгдсөн газар буюу цагаан шугамаар гардаггүй, гарцгүй газраар гардаг, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцдог, замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч сонсдог байдлаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа явдал цөөнгүй байна. 

Гэхдээ зам тээврийн осол гарч байгаа хэргийн дийлэнх нь жолоочийн буруутай үйлдлийн улмаас болж байгааг жолооч нар анхаарах хэрэгтэй. 


-Зам тээврийн ослыг бууруулахад бидний хийх ёстой хамгийн энгийн алхам юу вэ? Ярилцлагынхаа төгсгөлд энэ талаар иргэдэд зөвлөгөө өгнө үү?

-Зам тээврийн ослыг бууруулахад дараах хүчин зүйлс нөлөөлнө гэж үзэж байна. Үүнд: Жолооч нараас хөдөө орон нутгийн замд зорчихдоо зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэх байх, холын замд зорчих гэж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хөдөлгөөнд оролцохдоо гар утсаар ярихгүй байх, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх, замын тэмдэг, тэмдэглэгээг сайтар харж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоход зам тээврийн осол тодорхой хувиар буурах боломжтой гэж үзэж байна. 

Иймд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нараас замын хөдөлгөөний дүрмээ хэрэгжүүлж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг иргэдээс уриалж байна. 

-Цаг үеийн мэдээлэл өгсөн танд баярлалаа. 


Холбоотой мэдээ