ОРХОН: Иргэдийн орлогын түвшинд тохируулан орон сууцны м.кв үнийг 1.9 сая төгрөг байхаар тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-05 14:07:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг хэлэлцлээ.

Орхон аймаг иргэдийнхээ орлогын түвшинд тохируулан орон нутгийн төсвийн хөрөнгөөр анх удаа орон сууц барьж байна. Нийт 260 айлын орон сууцыг гэр хороололд барьж байгаа бөгөөд одоогоор барилга угсралтын ажил 67 хувьтай байна.

Эхний ээлжинд 156 айлын орон сууц ашиглалтад орно. Үүний нэг м.кв талбайн үнэ 1 сая 952 мянга 798 төгрөг байна. Харин автомашины зогсоолын үнийг м.кв тутамд нь 2 сая 138 мянган төгрөг байхаар тооцжээ. Уртын гол багт барьж буй 260 айлын 186-ыг нь дээрх үнээр худалдаж үлдсэнийг нь гэр хороололд дахин төлөвлөлтөд орсон айлуудыг түр хугацаагаар байршуулахад ашиглах юм. Өөрөөр хэлбэл, нийт 50 айлын орон сууцыг ийм зориулалтаар ашиглана. Энэ нь 40.2 м2 талбай бүхий 2 өрөө байрнууд юм. Ингэхдээ айл өрхөөс 1 м2 талбайн хөлсийг 4,500 буюу 40.2 м2 талбайн хөлс 180,900 төгрөгөөр тооцож сар бүр түрээсийн төлбөр авна.

Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэд Орхон аймагт 10-аас дээш жил амьдарсан, улсаас орон сууцны байр хувьчилж аваагүй, гэр хороололд амьдардаг байх зэрэг хэд хэдэн шаардлагыг хангасан байхаар журамд нь тусгажээ. Нэг айл өрх нэг л орон сууцны байранд материал ирүүлэх боломжтой юм.  

Холбоотой мэдээ