ЗАВХАН: Энэ онд 281 мянга гаруй мод тарьж ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-06 12:32:05

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг, ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд энэ онд 281,798 ширхэг мод, бут тарьж түүнийгээ арчлан ургуулж байна.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлж, эхний гурван жилд тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэн 24 сум, 18 мод үржүүлгийн нөхөрлөл, аж ахуйн нэгжид иж бүрэн усалгааны систем бүхий хүлэмжийг нийлүүлээд байна. Түүнчлэн ажиллах боловсон хүчний нөөц бүрдүүлэх зорилгоор аймгийн байгаль орчны зөвлөгөөнийг зохион байгуулж,  150 гаруй сургагч багшийг бэлтгэсэн. Мөн сум бүрд мод үржүүлэх, тарьц бэлтгэх, мод тарьж ургуулах, зөвлөгөө өгөх 72 иргэн, 40 байгаль хамгаалагч, 50 аж ахуй нэгж цахимаар болон танхимын сургалтад хоёр удаа хамрагдсан. 2030 он хүртэл аймгийн хэмжээнд 25 сая орчим мод тарихаар төлөвлөөд байна. Хаана, ямар төрлийн мод тарих, түүнийг нь хэн, хэрхэн хариуцан арчилж ургуулах талаарх судалгааны ажлыг хийж байгаа. Энэ судалгааг ажил хэрэг болгосноор, тухайн газар нутгийн онцлогт тохирсон ургамлыг тарих, арчлах цогц асуудал шийдвэрлэгдэх аж.


Мөн аж үйлдвэржсэн, ажилсаг Монголыг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд, Тосонцэнгэл суманд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина. Уг үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн бөгөөд жилд 600 тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.   

Холбоотой мэдээ