ОРХОН: Барилгын цонх, шилэн хийц үйлдвэрлэгч, ашиглагчид чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-08 12:00:49
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй цонх, шилэн хийц үйлдвэрлэгч, ашиглагчдын зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтыг аймгийн ЗДТГ, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба хамтран зохион байгуулсан юм.  Тус уулзалтад Орхон аймагт цонх, шилэн хийцний үйлдвэрлэл эрхэлдэг 9 аж ахуйн нэгжийн төлөөлөл мөн барилгын компаниуд, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд оролцов.


Орхон аймгийн хэмжээнд 2020 оноос хойш орон сууцны 2368, амины орон сууцны 400 айлын барилга барьж байгаагаас 1745 нь ашиглалтад оржээ. Барилгын  ажил  нь үргэлжилж буй 2000 гаруй орон сууцны барилга байна. Ирэх 2025 он гэхэд Орхон аймагт нийт 4000 айлын орон сууц ашиглалтад орно гэж  Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Ц.Баяржаргал мэдээллээ.

Эдгээр барилгын цонх, шилэн хийцийг гүйцэтгэхэд орон нутгийн барилгын компаниудын оролцоо их байдаг тул цаашид анхаарах асуудлыг зөвлөлдөх уулзалтаараа хэлэлцсэн юм. Учир нь цонх, шилэн хийц нь барилгын дулаан хамгаалалтын чухал хэсэг.  Энэ салбарт Монгол Улсад өнөөдрийн байдлаар 5 стандарт, хоёр норм дүрэм мөрдөгдөж байна. 

  • MNS 5802:2007 “Барилгын цонх” техникийн ерөнхий шаардлага 
  • MNS 5830:2007 “Барилгын хуванцар цонх хаалга” техникийн шаардлага 
  • MNS 5874:2008  “Цонх, хаалганы поливинихлорид хэлбэржүүлсэн цувимал эдэлхүүн” техникийн шаардлага 
  • MNS 4753:2011  “Наамал шилэн багц” техникийн шаардлага
  • MNS 6266:2011 “Барилгын хана, цонхны уулзварын угсралтын заадал” техникийн ерөнхий шаардлага 

Барилгын норм, дүрэм 

  • БНбД 23-01-09 “Барилгад хэрэглэгдэх уур амьсгал геофизикийн үзүүлэлт”
  • БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” 2020 онд шинэчлэн гарч БНбД 25-1-20 “Барилгын дулаан хамгаалал”нэртэй болж өөрчлөгджээ. 

Эдгээр норм дүрэм, стандартыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар оролцогчид өөрсдийн санал бодлоо хэлэхийн зэрэгцээ  урилгаар оролцож буй  Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Л.Гантөмөр “Барилгын цонхонд тавигдаж буй шаардлага үзүүлэлтүүд хангагдахгүй байгаа учраас барилгын цонх дулаан алдагдал ихтэй байна.  Үүнээс улбаалан өрх айлд төдийгүй нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна гэлээ. 


Харин ОХУ-ын Пилгингтон үйлдвэрийн Бүсийн захирал Иван Аверкин “Барилгын цонх, шилэн хийц хүмүүсийн ая тухтай амьдрахад маш чухал үүрэгтэй. Ялангуяа 106 мянган хүн амтай, барилгажилт өрнөж буй Эрдэнэт хотод бүр ч их чухал асуудал” гэдгийг онцлон хэлж энэ талаар туршлага хуваалцахдаа таатай байна гэсэн юм.

 

Холбоотой мэдээ