СҮХБААТАР: Б.Адъяажав боловсрол нөхөн олгох сургалтад 10 дахь жилдээ хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-06 13:25:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Насан туршийн боловсрол төвийн боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрт зорилтот бүлгийн 14 хүүхэд хамрагддаг. Тэдний нэг бол Батхүрэлийн Адъяажав юм. Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн хүсэл сонирхлоор боловсрол нөхөн олгох сургалтад 10 дахь жилдээ суралцаж байна. Хичээлдээ маш идэвхтэй оролцдог, ангийнхантайгаа эв найртай, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг шилдэг суралцагч гэдгийг багш нь онцолж байна.  

Б.Адъяажав 22 настай. Аав ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Техник сонирхдог болохоор аавыгаа машин засахад нь байнга тусалдаг. Мөн дугуй унах сонирхолтой учир хичээлдээ ирж буцахдаа дугуйгаар явж хэвшжээ. 2021 оноос зээрэнцэг шидэлтээр хичээллэж эхлэн тодорхой амжилуудыг гаргажээ. Жишээлбэл, Бүх ард түмний спартикиадад амжилттай оролцсоны зэрэгцээ Булган аймагт болсон ХБИ-ийн Улсын аварга шалгаруулах зээрэнцэг шидэлтийн тэмцээнээс мөнгө хүрэл медаль, Зүүн бүсийн тэмцээнээс алтан медалийг хүртэж, сурахын хажуугаар өөрийн авъяас сонирхлоо хөгжүүлдэг байна. Тэрээр цаашид зээрэнцэг шидэлтийн улсын аварга болох мөрөөдөлтэй.

Түүний сурах хүсэл тэмүүлэл, идэвх зүтгэлийг Насан туршийн боловсрол төвийн багш нар болоод ар гэрийнхэн нь тогтмол дэмждэг байна. 

Холбоотой мэдээ