Валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг 49 хувийн биелэлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-12-07 13:11:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын валютын нөөц өнгөрсөн сарын сүүлийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өсжээ. Валютын албан ба албан бус ханшийн зөрүү 200 төгрөгт хүрч байсан бол өнөөдөр энэ зөрүү 23 төгрөг болж буурсан байна. Ингэснээр валютын ханш тогтворжих, мөн үнийн өсөлтийн хүлээлтийг бууруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны дараа Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар мэдээлсэн юм.

Дээрх арга хэмжээний хүрээнд төрийн өмчит компани, ААН-үүдэд нэг тэрбум ам.доллар хуримтлуулах үүрэг өгсөн. Үүний биелэлт 49 хувьтай байна. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компани 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна тус компани мөнгийг аваад хэрэглэчихсэн өр төлбөр 600 сая ам.доллар байсныг 185 сая ам.доллароор бууруулж чадсан. Мөн Монголбанканд 145 сая ам.доллар худалдсан. Үүнээс гадна борлуулалтаас олсон орлого 50 сая ам.доллар компанийн дансанд байна хэмээн мэдээллээ.  Төрийн өмчит компаниуд хүлээж буй үүргээ сайн биелүүлж буйг тодотголоо.


Экспортын хэмжээг ковидын цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 30 орчим хувиар нэмэгдсэнийг мэдээллээ. Хаагдаад байсан Булганы боомт нээгдэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.


Уулын баяжуулах “Эрдэнэт” ТӨҮГ 100 сая ам.долларыг төвлөрүүлжээ. Мөн “Монголросцветмет” болон Хар төмөрлөгийн үйлдвэр нийлээд 15 сая ам.доллар төвлөрүүлэн Төв банканд худалдаад байна. 

Холбоотой мэдээ