ДУНДГОВЬ: Ц.Мөнхбат: Аймгийн хөгжлийн гарц бол "Хүний хөгжил" юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-07 18:50:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг  хөгжлийн гарцаа “Хүний хөгжил” хэмээн тодорхойлж, 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү бодлогын асуудлаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай ярилцлаа. 


-Аймгийнхаа хөгжлийн гарцыг “Хүний хөгжил” хэмээн тодорхойлж, 2022 оныхоо зорилтыг үүнд чиглүүллээ. Энэ талаар тодруулна уу?

-Нөхцөл байдалдаа дүгнэлт хийж үзэхэд манай аймаг мал аж ахуй дээр суурилсан эдийн засагтай хэдий ч малын гаралтай боловсруулдаг нэг ч үйлдвэр байхгүй. Хэдэн малчид мах, сүүгээ зах дээр авчирч борлуулахаас өөр юм алга. Малын гаралтай түүхий эд хаягдаж байна.

Түүнээс гадна өрсөлдөх чадвараараа аймгуудтай харьцуулахад ихэнхдээ 20-иос хойш жагсаад байдаг, яагаад бид хөгжлөөрөө хоцроод байдаг юм бэ?

Тэгээд нэг ийм дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, хүн ам цөөтэй учраас эдийн засгийн эргэлт бага байдаг юм байна. Өрсөлдөх чадварт хүн амын тоо, тэдний хөгжил чухал байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл хөгжсөн иргэд өөрсдөө хөгжлийг бүтээнэ гэсэн үг. 

Хоёрдугаарт дэд бүтцийн асуудал байна. Тэгээд манай аймагт хуваарилагддаг төсөв, хөрөнгө бага, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20,0 орчим, ОНХС-аар 8,0 тэрбум, (энэ жил арай нэмэгдсэн байна) төгрөг батлагддаг. ОНХС-гийн хөрөнгийн 4,0 тэрбумыг нь сумдад хуваарилж байна. Үлдсэн дээр нь аймгийн ИТХ иргэдээс гарсан саналын дагуу хуваарилалт хийдэг. Тэгэхээр энэ мөнгөөр бид хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц, байшин барилга бариад бусад аймгийн хөгжилтэй өрсөлдөхгүй нь тодорхой.

Тэгвэл яах ёстой вэ, яаж хөгжих вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Хүн ам цөөн, хүний нөөц бага, боловсон хүчин байдаггүй, тэгээд хүмүүст санал тавихаар ирж ажиллах хүн олддоггүй иймэрхүү дүр зураг харагдсан. Хүн рүү чиглэсэн, хүнээ хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг маш бага хийсэн байна. Энэ л бидний тулгамдсан асуудал байсан.

Ийм дүгнэлтэд хүрч “Хүний нөөцийн хөтөлбөр” гаргая, шаардлагатай, хэрэгцээтэй байгаа хүний нөөцийг бүрдүүлье гэсэн шийдвэр гаргаад хөтөлбөр боловсруулж, ИТХ-аар батлуулсан. Ингэж манай аймгийн хувьд хөгжлийн гарц “Хүний хөгжил” юм байна хэмээн бодлогоо тодорхойлсон. 


-Хөгжлийн гарцаа тодорхойлоод, хүний хөгжлийн чиглэлээр тухайлан ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж байна вэ?

-Нийтдээ аймгийн хэмжээнд 3200 орчим төрийн албан хаагч байх ёстойгоос 300-400 орон тоо сул байгаад байдаг, ажиллах боловсон хүчин, ялангуяа ХАА, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтнүүд дутагдалтай байдаг.

Мал аж ахуй дээр суурилдаг аймаг гэхэд энэ салбар нь боловсон хүчний хомсдолд орчихсон нөхцөл байдалтай байсан. Тэгээд дэд хөтөлбөрийн хүрээнд 2 жилийн хугацаанд 50 орчим хүүхэдтэй гэрээ хийлээ. Өнгөрсөн жил гэрээ байгуулсан хүүхдүүд өнөөдөр ирээд ажиллаж байгаа.

Шинэ боловсон хүчин хэрэгтэй байгаагаас гадна төрийн албанд одоо ажиллаад, зүтгээд байгаа хүмүүсээ урамшуулах, идэвхжүүлэх хэрэгцээ байсан. Төрийн өмнөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа энэ хүмүүсийн хувьд ч мөн адилхан нийгмийн асуудал байдаг. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд орон байрны дэмжлэг болгож, төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 10 гаруй хүнийг тус бүр 10,0 сая төгрөгөөр урамшууллаа.

Мөн төрийн албан хаагчдын эрүүл мэндийн асуудал байна. Эрүүл мэндийн асуудалтай 10 гаруй хүнд бодлогоор 5,0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Цаашдаа үе шаттайгаар энэ урамшуулал, дэмжлэгээ нэмэгдүүлээд явахсан гэсэн бодол байна.

Боловсон хүчнээ иймэрхүү байдлаар орон нутаг руугаа чиглүүллээ гэж бодоход шийдэх ёстой нэг чухал асуудал бол орон байрны хэрэгцээ байна.

Манай аймагт одоо 250 айлын “Мандал” хороолол барьж байна. Энэ хорооллын дэд бүтцийн асуудал хүнд байсан учраас Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт хандаж, 1,4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулаан, цэвэр бохир усны системийг тус хороололд ойртуулах ажлыг шийдээд ажил нь явж байна.

Орон сууцны хороолол барихаар газар хүсэж байгаа компаниудад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байрныхаа 10-20 хувийг өөрийн нь өртгөөр худалдах санал тавьж байгаа. Зарим нь зөвшөөрсөн. Энэ нь төрийн албан хаагчдаа хямд орон сууцаар хангах зорилготой юм.  

Цаашдаа 500 айлын “Түмний хороолол”, мөн “Хаус хороолол”-той болох зорилгоор энэ жилийн төсөвт зураг төсөв хийх зардлыг тусгасан. Газар нь бэлэн, зураг төсөв нь бэлэн байвал орон сууцны хороолол барих хөрөнгө оруулагчид гарч ирэх байх гэж бодож байгаа.


-Дундговь аймгийн хувьд боловсролын чанарын асуудал ямар байна, энэ чиглэлээр юу хийж байна вэ?  

-Хүний хөгжлийн асуудлыг ярихаар яалт ч үгүй манай боловсролын чанарын асуудал яригдана. Сүүлийн жилүүдэд манай аймгийн боловсролын чанар үнэхээр суларсан. ЭЕШ, сургуулиудын үзүүлэлтээр улсдаа хойгуур байр эзлээд байгаа нь үнэн.

Тиймээс боловсролын чанарыг сайжруулахын тулд Улаанбаатар хотын “Оюунлиг” сургууль, Улсын лаборатори 23 дугаар сургуультай шефийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ жилийн хувьд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа консулын дэмжлэг 25,0 орчим сая төгрөг, Орон нутгийн төсвийн 15,0 орчим сая төгрөгөөр хавар ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн эхний 80 хүүхдийг тус бүр 500,0 мянган төгрөгөөр урамшуулсан.

Энэ бол амжилттай суралцсан хүүхдүүдийг урамшуулж, цаашдаа бусад хүүхдүүдэд ч гэсэн тэдэн шиг сайн суралцахсан гэсэн хүсэл эрмэлзлэлийг төрүүлэхийг зорьж байгаа юм. Гэтэл тэдгээр хүүхдүүдийг бэлтгэсэн багш нарын асуудал бас яригдсан.  

Аливаа асуудлыг шат дараатай шийдэхгүй бол бидэнд байгаа нөөц хязгаартай. Тиймээс энэ жил үүнийгээ төсөвт суулгаж байна. Хүүхдүүдийг ч яахав, оноогоор нь дүгнэчихэж болно. Харин багш нарыг хэрхэн дүгнэх вэ гэсэн асуудал гарч ирдэг. Тэгээд шефийн холбоо тогтоосон сургуулиудаас туршлага судлаад үзэхээр багш нарыг үнэлдэг систем нь их боловсронгуй, өөрөөр хэлбэл багаар нь үнэлдэг системтэй юм байна. Тиймээс энэ системийг нэвтрүүлэх зорилгоор “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөртөө нэг зорилт болгож оруулаад, ирэх 2023 онд амжилт гаргасан багш нарын багуудад урамшуулал олгох зорилгоор 300,0 сая төгрөг төсөвлөсөн. Мөн туршлага судлуулах, явуулж үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй юм байна. Энэ дээр мөн анхаарч байна.

Цаашдаа ч гэсэн хүмүүсээ хөгжүүлэх, боловсруулах, оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа. Энэ бол манай хөгжлийн гарц байх болно.  


-Дундговь аймаг мал аж ахуй дээр суурилсан эдийн засагтай учраас энэ салбарыг хөгжүүлэх чиглэлээр юу хийх вэ, баримталж байгаа бодлого, чиглэл?

-Гол  үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнээ хямд өгдөг, малчдаас махыг худалдаж авч байгаа ченжүүд махаа хэрэглэгчдэд үнэтэй өгдөг. Тийм байдалтай олон жил болжээ.

Тэгэхээр байдлыг өөрчлөхийн тулд манай аймагт махны үйлдвэр хэрэгцээтэй байгаа. Аж ахуйн нэгжүүдэд саналаа хүргүүлсэн. 2 аж ахуйн нэгж хариу өгч, бид энэ тал дээр шийдвэр гаргах гээд явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 он гараад махыг ил задгай зарж, борлуулахыг хориглож байгаа. Заавал үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, лабораторийн шинжилгээнд орсон махыг зах зээлд нийлүүлэх бодлого барьж байгаа. Тэгэхээр зайлшгүй махны үйлдвэртэй болно.

Хоёрдугаарт арьс шир маш ихээр хаягдаж байна. Үүнийг боловсруулах үйлдвэр аймагт байгуулья гэхээр Дархан хот, Улаанбаатар хотын ойролцоох Эмээлтэд арьс ширний үйлдвэр барих Засгийн газрын бодлоготой холбоотой жаахан харзнаж байгаа.

Харин манай аймгийн хувьд хонины ноос маань их онцлогтой. Өөрөөр хэлбэл ноолуурлаг чанар нь жирийн хонины ноостой харьцуулахад илүү байдаг. Газар зүйн байршлын хувьд Алтай, Хангайн нурууны завсар хоорондын салхи манай аймгийн нутгийг дайран өнгөрдөг учраас үүнтэй холбоотой манай хонины ноосны микрон 14-15 байдаг бол бусад нутгийн хонины ноос 7-8 микронтой байна.

Тэгэхээр энэ давуу талаа ашиглаад энэ жилдээ хонины ноосоо цуглуулах ажлыг зохион байгуулах, яваандаа ноос угаах, боловсруулах үйлдвэртэй болох зорилт байгаа.

Ноосоо цуглуулахын тулд “Хонь хяргах явуулын цех” ажиллуулах зорилгоор УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Шинэ хөдөө” төслөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд 6-7 суманд ийм цех байгуулчихвал маш хурдан хугацаанд цахилгаан машинаар хонио ноослоод, ноосоо цуглуулаад, хонио угаагаад гаргах зохион байгуулалттай байна. Энэ ажлыг зохион байгуулснаар цаг хэмнэнэ, малчид газар дээр нь ноосоо тушаана, сумын 7-8 хүн орлоготой болно, арьсыг гэмтээхгүй, малаа угаана гээд маш олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа болох юм.

Эхний хоёр жилдээ ингэж хонины ноос цуглуулах бөөгнүүлэх ийм тогтолцоонд бүрэн шилжсэний дараа ноосоо угаах  жижиг үйлдвэр байгуулан, ноосоо угааж, сэмлэн нэмүү өртөг шингээх ажил байгаа. Ингэж чадвал нэг кг нь хоёр мянган төгрөгөөр үнэлэгддэг хонины ноосны үнэ дөрөв дахин өсөх боломжтой. Цааш нь ээрээд утас болохоор үнэ нь хэд ч нугарах боломжтой Эдгээр дамжлагуудын төслийг боловсруулах шатандаа явж байна.

Малчид руу чиглэсэн хөгжлийн бодлого бас зайлшгүй хэрэгцээтэй байна. Тиймээс  "Малчдын хөгжлийн төв” байгуулахаар төлөвлөж байна. Ийм төв байгуулвал малчид ирж амардаг, сургалт, зөвлөгөөн, шоу цэнгүүнээ хийдэг, шинэ технологи, иновац нэвтрүүлэх арга ажиллагаанд суралцдаг, мэдээлэл авдаг болно.  


-Өнгөрсөн 3 дугаар сард “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын аймгийн форумыг анх удаа зохион байгуулсан. Форумын үр дүнгийн талаар болон аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар тодруулна уу?

-Манай аймгийн хувьд дараагийн хөгжлийн нэг гарц бол ногоон хөгжлийг дэмжсэн аялал жуулчлал. Байгалийн хэд хэдэн үзэсгэлэнт газар байна. Энэ газрууддаа түшиглээд богино зайн эргэлттэй аялал жуулчлалыг хөгжүүлж, аймаг орон нутгаа сурталчлан, таниулах боломжтой.      

Өнгөрсөн хавар “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын форум хийж, хол ойроос олон зочид ирж, энэ асуудлаар ярилцаад төлөвлөгөө гаргасан. Түүнээс хойш аймгийн төвд Өмнөговийн зам дагуу "Аялал жуулчлалын мэдээллийн төв” болон "Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүртэй болсон. Энэ дэлгүүрт орон нутгийн үйлдвэрлэгчдийн хийсэн бүтээгдэхүүнийг ямар нэг шимтгэлгүй зарж борлуулж байна.

Цагаан суварга бүс нутгийн ерөнхий төлөвлөгөө хийлгүүлж байна. Яваандаа Их газрын чулуу орчмын ерөнхий төлөвлөгөөг мөн хийлгэнэ.

Томоохон аж ахуйн нэгжүүдэд санал тавьж байгаа. Стандартын шаардлага хангасан аялал жуулчлалын бааз байж байж л аялал жуулчлал хөгждөг юм байна. Ялангуяа Их газрын чулуунд нэг тийм бааз хэрэгтэй байгаа.

Онгийн голын бүс нутагт аялал жуулчлалын цэг байна. Тийшээ явах замд Дэлгэрхангай уулын орчимд бас нэг бааз байх хэрэгцээ байна. Мөн Сүм хөх бүрдэд түшиглэсэн баазын тохижилт, хөрөнгийн хадгалалт хамгаалалт, менежментийг сайжруулах зэргээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлж байна.  


-Хөгжих, эдийн засгаа өсгөх өөр ямар боломж байна вэ?

-Дараагийн нэг боломж бол “Хариуцлагатай уул уурхай”-г хөгжүүлэх явдал. Өнгөрсөн хугацаанд манай аймгийн хувьд уул уурхай үнэхээр хариуцлагагүй явж ирсэн учраас иргэдийн зүгээс энэ салбарыг дэмжихгүй байгаа.

Уул уурхайн асуудал дээр иргэд ойлголт муутай байна. Өмнөх хариуцлагагүй байдлаас болоод уул уурхайг үгүйсгэж байна. Өлзийт, Цагаандэлгэр, Сайхан-Овоо суманд иргэд эсэргүүцэж, зарим нь компаниудын эд хөрөнгөнд халдаж, энэ асуудал нь хууль хяналтын байгууллагаар явахаар өөрсдөө хохирсон тохиолдлууд гарч байна.

Манай аймагт гантиг  боржин чулуу, гипсэн хавтангийн үйлдвэр байгуулвал  тохирох чулуулгийн нөөц баялаг байгаа. Аймгийнхаа эдийн засгийг сайжруулахын тулд байгаа нөөц баялгаа хариуцлагатайгаар, зөв зохистой, байгальд аюулгүй байдлаар ашиглах бүрэн боломж бидэнд байна.  

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

Холбоотой мэдээ