БАЯН-ӨЛГИЙ: Толбо сумын төвийн хатуу хучилттай авто замын ажил ирэх онд бүрэн дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-08 10:17:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын төвд барьж байгаа 2,3 км хатуу хучилттай авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил 2023 онд дуусч ашиглалтад оруулна. 


Сумын Засаг даргын орлогч Т.Досымбекийн хэлснээр замын нийт төсөвт өртөг 2,9 тэрбум төгрөг байгаа. Шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэжээ. Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр «Жол» компани ажиллаж байна.


Замын барилгын ажил энэ жил эхэлсэн. Одоогийн байдлаар 1,3 тэрбум төгрөгийн ажлыг хийж, даланг нь босгожээ. Харин 2023 оны төсөвт 1,6 тэрбум төгрөг тусгасан байна.


Ингэснээр сумын төвийн хатуу хучилттай авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалт, өөрчлөлтийн ажил ирэх онд бүрэн дуусаж ашиглалтад оруулах боломж бүрдэж байна гэдгийг тэрээр онцлов. 


Ташрамд сануулахад, өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн хөдөөгийн 12 сумын 8 нь төвдөө хатуу хучилттай замтай болсон. Харин Толбо, Бугат сум аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдсон юм. 

Холбоотой мэдээ