“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 585 дахь төслийг Баянхонгор аймагт хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-12-12 15:03:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын  цэцэрлэгийн засварын төсөл” хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар энэ сарын 9-нд гарын үсэг зурав.  


Уг төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын цэцэрлэгийн А байранд их засварын ажил хийх юм. 


Тус байрны барилга олон жилийн эдэлгээний улмаас хуучирч муудан, дээврээс нь дусаал гоождог болсноос гадна модон цонхоор нь гаднаас хүйтэн агаар нэвтэрснээс болж ашиглахад хүндрэлтэй болсон тул 2014 оноос хойш ашиглалтыг зогсоосон байна. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр улсын аюулгүй байдлын стандартыг хангасан эрүүл, аюулгүй орчинд тус цэцэрлэгт хамрагдах боломжгүй байсан 90 хүүхдийг шинээр хүлээн авах боломжтой болох юм.  


Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 585 дахь, Баянхонгор аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 244,809 ам.доллар (761,846,380 орчим төгрөг) юм.  


“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг. 


Холбоотой мэдээ