Германы боловсролын байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
delgermaa@yahoo.com
2022-12-19 13:27:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Германы боловсролын байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.


Германы Эрдмийн солилцооны алба (DAAD), Германы Гадаад дахь  ерөнхий боловсролын асуудлыг эрхлэх газар (ZfA) Монголд  үйл ажиллагаа явуулж эхэлсэн ойн арга хэмжээ Техникийн их сургуульд болж өнгөрсөн юм.


Арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд  И.Розенберг, БШУЯ-ны  Боловсролын ерөнхий газрын дарга Т. Ням-Очир, Германы Эрдмийн солилцооны албаны төлөөлөгч,  Германы Гадаад дахь ерөнхий боловсролын асуудал эрхлэх төв газрын зөвлөх Моника Эггер, Герман хэлний дипломын (DSD) сургалттай  ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуус оролцлоо. “Гёте” олон улсын  дунд сургуулийн найрал хөгжмийн тоглолтоор уг хэмжээг эхлүүлсэн юм. 


Одоогоос 30 жилийн өмнөөс Германы Эрдмийн солилцооны албаны төлөөлөгчид Монголын их, дээд сургуулиуд дахь герман судлалыг хөгжүүлэх, герман хэлний багш бэлтгэх болон герман хэлний арга зүйг боловсруулахад үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна.


Манай хоёр улсын  боловсролын салбар дахь хамтын ажиллагаа өнгөрсөн XX зууны эхээс улбаатай. 1921 оны хувьсгалын дараахан  Ардын Засгийн газар Гэгээрлийн яамыг байгуулж,  Б.Эрдэнэбатхаан түүнийг удирдан ажилласан түүхтэй. Тэр үеэс Монгол, Германы боловсролын салбар дахь хамтын ажиллагааны суурь тавигдсан. 1926 оны намар 35 монгол залуусыг өрнөдөд буюу Герман, Францад суралцуулахаар явуулсан бөгөөд тэд хожим нь Монголын нийгмийн оюуны манайлагчид, соёлын үрийг түгээгчид  болсон. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Д.Сурмаажав гээд улс орныхоо хөгжил, ялангуяа оюуны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан. Монгол улс  социалист замаар хөгжих  70 жилийн хугацаанд  хуучин БНАГУ-тай боловсролын салбарт нягт хамтран ажилласан. Энэ хугацаанд хэдэн мянган монгол залуус баруун Европт боловсрол эзэмшиж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан.  Монголд ардчилсан шинэчлэл хийж хөгжлийн шинэ замыг сонгосны дараа Германы Эрдмийн солилцооны байгууллага, Германы Гадаад дахь ерөнхий боловсролын асуудал эрхлэлсэн газар нь уг уламжлалыг үргэлжлүүлсэээр байна. Тус хоёр байгууллага Монголын оюутан залуусыг герман хэл сурч, Германы их, дээд сургуульд суралцахад хамгийн том дэмжлэг, туслалцаа  үзүүлсээр байгаа юм. ХБНГУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй монгол залуусын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байна.


Дээр дурдсан хоёр байгууллагатай холбоотой зарим нэгэн баримтаас дурдья. Герман улсад 30 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэгдсэнээс ихэнх нь инженерийн чиглэлээр суралцжээ. 1992 оноос хойш Германы Эрдмийн солилцооны албаны тэтгэлгээр мэргэжлээ дээшлүүлсэн боловсон хүчнүүдээс зөвхөн ШУТИС-д  гэхэд 30 гаруй профессор багшилж байна.  


Хамгийн сүүлийн үеийн баримтаас дурдахад, 2022 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот дахь Александр фон Хумбольдтын нэрэмжит 38-р сургууль, Герман сургууль, Гёте сургууль болон нийслэлийн 1-р дунд сургуулийн 67 сурагч герман хэлний 1-р түвшний  буюу DSD-I-ийн шалгалтаа амжилттай өгч  дипломоо авчээ. ХБНГУ-ын  Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хатагтай Регина Рутенберг,  Германы Гадаад дахь ерөнхий боловсролын  асуудал эрхэлсэн төв газрын  зөвлөх Моника Эггер нар  дипломыг нь гардуулан өгсөн байна.


Нэг үгээр хэлэхэд өнгөрсөн XX зуунаас эхлэлтэй Монгол, Германы боловсролын салбар дахь хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөөр байна.


Хэлгүй бол хөлгүй хэмээх монголын зүйр үгийг 30 жилийн ойн арга хэмжээн дээр  хатагтай Моника Эггер иш татахдаа “Гадаад хэл мэдлэг өгдөг” хэмээх герман зүйр үгтэй утга ижил хэмээн онцолсон нь учиртай. Хөрөнгө оруулалтаас хамгийн үнэтэй нь оюуны хөрөнгө оруулалт гэдэг. Тиймээс ч Герман улсаас Монголын боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь юунаас ч илүү үнэтэй юм.  

Холбоотой мэдээ