ЗАВХАН: Дотуур байртай болсноор хүүхдүүд тав тухтай орчинд суралцах боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-15 17:10:53

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль шинэ дотуур байртай боллоо.

Жавхлант цогцолбор сургуулийн дотуур байрны барилга нь нийт 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2021 оны наймдугаар сараас барилгын ажил эхэлжээ. Барилга угсралтын ажлыг "Аз өрнөх" ХХК хийж, гэрээний хугацаандаа хүлээлгэн өглөө. Тус сургуулийн суралцагчдаас 400 гаруй суралцагч нь хөдөөгийн сумдаас анги дэвшин ирж суралцдаг.

Тухайлбал, Яруу, Эрдэнэхайрхан, Алдархаан сумаас ахлах ангид аймгийн төвийн тойргийн харьяа сургуульдаа ирж суралцаж буй юм. Сургууль дотуур байргүйгээс хүүхдүүдийн 160 гаруй нь айлд, 50 гаруй суралцагч нь айлын хашаанд ах, эгч нь өрх толгойлж амьдарч байсан. Үүнээс болж хүүхэд хамгааллын бодлого, шийдвэр хэрэгжихэд хүндрэлтэй, хүүхдүүдийн тав тухтай орчинд амьдарч суралцах боломж хангагдахгүй.

Хараа хяналт сул, хүүхдүүдийн сурлагын чанарт муу нөлөө үзээлэх зэрэг хүндрэлүүдийг бий болгож байв.

Харин шинэ дотуур байртай болсноор сумдаас ахлах ангидаа шилжин суралцаж байгаа сурагчдад олон талын боломжийг олгоод байна. Хүүхдүүд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, суралцах, хөгжих боломж бүрдээд байна гэж Жавхлант цогцолбор сургуулиас мэдээлэв. 

Холбоотой мэдээ