ЗАВХАН: 37 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-16 17:40:53

Завхан /МОНЦАМЭ/. Түдэвтэй сум өвөлжилтийн нөхцөл байдлаас шалтгаалж 37 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Тус суманд өнгөрсөн зун, намар, газрын гарц муу, гандуу байснаас өвөлжилт хүндрэх, зудын эрсдэл их байна. Малчдаас өнгөрсөн 11 дүгээр сард авсан судалгаагаар малчид цаг уурын нөхцөл байдалтай холбогдуулан 37 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлт тавьсан. Тэгвэл энэ тоо өдөр бүр нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд цас орж, хүйтний эрч чангарсан. Өдөртөө 40 хэм хүртэл хүйтэрч байна. Ялангуяа бог малд өвс олж идэх нөхцөлгүй болсон, өеөдөж эхэлж байна. Малчдаас ирүүлсэн санал хүсэлтийн дагуу 40 гаруй мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө гараад байна.

Энэ онд суманд “Сэцэн хайрхан агро“ ХХК нь өдөрт 150 бог, 15 үхэр нядалж боловсруулах хүчин чадалтай 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй махны үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Үйлдвэр малчдаас махыг зах зээлийн үнээр худалдан авч үйлдвэрийн аргаар төхөөрч, боловсруулж зах зээлд гаргаад байна.


Мөн энэ онд мал нядалгааны цэгийг байгуулж, 3 сая төгрөгийн хөрөнгөөр хашаа, зах өргөтгөл хийж аж ахуйн нэгж, иргэдийг мал нядлах орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр малчид малаа эдийн засгийн эргэлтэд цаг хугацаа алдалгүй оруулах боломж бүрдсэн байгаа гэж Түдэвтэй сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд, тус сум мал сүргийг эрүүлжүүлэх төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг тогтмол явуулжээ. Тухайлбал, малын  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээнд 77602 толгой мал хамрагдахаас 77369 толгой малыг хамруулсан байна. Мөн малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх намрын ажилд 423 өрхийн 12266 толгой үхэр, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажилд 118,6 мянган толгой малыг хамруулжээ. 

Холбоотой мэдээ