Дээд лигт 5 хожилд хүрсэн анхны багаар “Эрдэнэт Майнерс” тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-20 13:21:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дээд лигийн даваа гарагийн оргил тоглолт Эрдэнэт Майнерс, Алтан Дорнодын Дайчид багуудын хооронд болж, тоглолтын нэгдүгээр үе өрсөлдөөнтэй өрнөж хагас бөмбөгний зөрүүтэй Майнерсийн баг давамгайлж дууссан юм.


Тоглолтын үлдсэн үед Майнерсийн Золжаргал, Санчир, Ган-Эрдэнэ нарын ээлж дараалсан оноо авч тоглолтын тооны харьцааг холдуулсаар Дайчдыг 94-69 харьцаатай буюу 25 онооны илүүтэй хожлоо.


Алтан Дорнодын Дайчид улирлын 3 дахь ялагдлаа амссан бол Эрдэнэт Майнерс баг 5 дахь хожлоо авч лигийг амжилтаараа тэргүүлээд эхэлжээ. Гараанаас тоглолтыг эхлүүлсэн Ган-Эрдэнэ 23 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт , 89 хувьтай довтолж тоглолтыг шилдэг тоглогчоор нэрлэгдлээ.


Майнерсийн сэлгээний бүрэлдэхүүнээс Золжаргал, Бямбадорж нар нийлээд 22 оноо авч багаа хожиход том тус хүргэжээ. Харин эсрэг багаас легионер тоглогч Антони Харрис талбайд 35 минутыг өнгөрөөж 18 оноо, 4 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн ч баг нь хожиход хангалтгүй байлаа.


Энэ улиралд одоогоор хожигдоогүй байгаа хоёр баг үлдээд байгаа нь Эрдэнэт Манйерс, IHC Apes.

Лхагва гарагт биднийг Хасын Хүлэгүүд, М Гарьд багуудын гал гарсан, ширүүн тоглолт хүлээж байна.


Шутис Шаркс – Тэнүүн Өлзий Металл


Тэнүүн Өлзий Металл багийн амжилт хөөсрөл үү?


Даваа гарагийн тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Шинэ улирлыг эхлүүлж байгаа Тэнүүн Өлзий Металл баг ээлжит тоглолтоо залуу бүрэлдэхүүнтэй Шутис Шаркс багийн эсрэг хийлээ.


Тоглолтын эхний гурван энэ тэнцүүхэн өрсөлдөөнтэй болж байлаа. Эхний үеийг Шутис Шаркс баг 4 онооны зөрүүтэй илүүрхсэн бол 2 дугаар Металлийн залуус сайн тоглож онооны давуу байдлыг авч дуусгасан юм. Тоглолтын хамгийн сонирхолтой өрсөлдөөн гуравдугаар үед гарсан. Харин 4 дүгээр үе 61-61 харьцаатай эхэлсэн ч Тэнүүн Өлзий Металл багийн легионер тоглогч Кристофер Блэйк зогсошгүй байж ээлж дараалсан шидэлтүүдээ унагаж, улмаар 87-71 харьцаатай Тэнүүн Өлзий Металл багийн хожлоор өндөрлөсөн юм.


Кристофер Блэйк 29 оноотой бүх тоглогчийг тэргүүлж тоглолтын шилдэг болсон билээ. Түүнд багийн хамтрагчид Сүхбат 10, Мөнхчөдөр 15, Энхсайхан 10 оноо тус тус авч тусалсан байна. Харин Шутис Шаркс багаас дөрвөн тоглогч нь 10-аас дээш оноо авсан ч хожил байгуулахад хангалтгүй байлаа. Тоглолтыг Тэнүүн Өлзий Металл баг 17 минут тэргүүлсэн бол Шутис Шаркс баг 20 минутын хугацаанд тэргүүлжээ. Дөрөвдүгээр үед Шарксийн бөмбөг алдалтууд эсрэг багтаа оноо авах боломжийг өгч байсан. Бөмбөг алдалтаас авсан онооны зөрүү 9 оноо байсан юм.


Улирлын 4 дэх хожлоо байгуулсан Тэнүүн Өлзий Металл баг 4-1 амжилттай хүснэгтийн 3 дугаар байрт бичигдэж байна. Тэдний дараагийн учраа хожигдоогүй байгаа IHC Apes баг.









Холбоотой мэдээ