ЗАВХАН: Эрчим хүчний асуудалгүй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-21 12:42:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт эрчим хүч дэд бүтцийн томоохон ажлуудыг хийсэн онцлог жил өнгөрч байна.

Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого” Завхан аймагт үр дүнтэй хэрэгжиж байгаа. Бие даасан байдал, эдийн засаг, тусгаар тогтнолын тулгуур нэг багана нь эрчим хүчний хангамжийн асуудал байдаг. Завхан аймгийн хувьд дэд бүтэц, дулаан, цахилгааны дутагдал нь хөгжлийн чөдөр тушаа байсаар ирсэн. Манай аймагт эрчим хүчний сэргэлтийн хүрээнд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд томоохон бүтээн байгуулалтууд хийсэн онцлог жил болж байна.


Тухайлбал, Алдархаан суманд “Борх 5МВт-ын нарны станц”, Улиастай сумын 110/3510кВ-ын дэд станцад 3600МВт цагийн хүчин чадал бүхий батарейн байгууламж барьж, ашиглалтад хүлээн авлаа.

Тэлмэн суманд ашиглалтын 25 жилийн хугацаанд 471.075 МВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх 5 МВт-ын салхин цахилгаан станц байгуулах тооцоо, судалгаа хийж байна.  

Мөн Польш улсын санхүүжилтээр Улиастай сумын төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийхийн сацуу, БНСУ-ын 148 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 25 Гкал/цагийн хүчин чадал бүхий дулааны станцын ажил эхлээд явж байна. Завхан аймаг дулааны станцтай болсноор иргэд эрүүл, ая тухтай орчинд ажиллаж амьдрахаас гадна, 100 гаруй ажлын байр нэмэгдэх юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ