ЗАВХАН: 2022 оны онцлох хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг нэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-30 19:06:46

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 2022 онд улсын төсвийн болон төсөл хөтөлбөрүүдийн 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Тухайлбал, салбар яамдаас 590 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 10.3 тэрбум төгрөг, төсөл хөтөлбөрийн хүрээнд 7.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийсэн байна. Завхан аймагт 2022 онд хийгдсэн онцлох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг аймгийн ЗДТГ-аас нэрлэж байна.

 

Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо


Завханчуудын олон жил хүлээсэн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам 2022 онд бүрэн ашиглалтад орлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилт Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замыг ашиглалтад оруулснаар ийнхүү бүрэн биелэж байна.


Мянганы замын хэвтээ тэнхлэгийн нэг хэсэг болох чиглэлийн Тосонцэнгэл-Улиастай 67 км авто зам нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох уулын зам гэдгээрээ онцлогтой.



Энэхүү замын төслийн ажлыг БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2017 онд гаргаж, бүтээн байгуулалтыг 2019 оны 06 дугаар сард эхлүүлсэн. Энэхүү авто зам баригдаж эхэлснээс хойш бүтэн 10 жилийн хүлээлт энэ жил дуусгавар болж 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож, бартаа ихтэй энэ өндөр даваагаар саадгүй зорчих боломж бүрджээ.



7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дуусаж байна.  Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, гэвч бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал хүрч болдгийн бодит жишээ юм.  

Энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг хийснээр, Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэж байна.

Мөн 2022 онд, Доной нисэх онгоцны буудлын уулзвараас Алдархаан сум хүртэлх 6.7 км хатуу хучилттай авто зам, Их-Уул суманд 3 км хатуу хучилттай авто замыг тус тус ашиглалтад орууллаа.


Дулааны станцын бүтээн байгуулалт эхэллээ



Завхан аймгийн Улиастай суманд 25 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын барилгын ажлыг эхлүүллээ.

БНСУ-ын 13 сая 95 мянган америк долларын хөнгөлөлттэй зээлээр 8.4 км дулааны шугам, 11 дулаан дамжуулах төв баригдахаар төлөвлөгдөж, төслийн ажлыг эхлүүлээд буй.


Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “МЭЗ” ХХК шалгарч 2024 оны намар ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил хийгдэж байна.


Завхан аймагт дулааны станц баригдсанаар иргэд эрүүл, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэхээс гадна 100 гаруй ажлын байр шинээр бий болох аж.

Мөн Тосонцэнгэл суманд хувийн хөрөнгө оруулалтаар 30 мегаваттын дулааны цахилгаан станц барихаар зураг төслийн ажлыг хийжээ.  


Ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж эхэллээ


Орон нутагт сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны 7.6 сая долларын санхүүжилтээр Алдархаан суманд 5 МВт-ын нарны станц ашиглалтад орлоо.

Мөн Улиастай суманд 3.6 МВт.цагийн хүчин чадалтай батерей хуримтлуурын системийг “MCS интернэйшнл" компани гүйцэтгэж ашиглалтад орууллаа.


Энэхүү нарны цахилгаан станц нь жилд 13.244 МВт.ц эрчим хүчийг үйлдвэрлэж, нэгдсэн сүлжээнд нийлүүлснээр Завхан аймгийн 48022 иргэн, 8329 айл өрхийг эрчим хүчээр хангаж, 70 гаруй иргэн байнгын болон түр ажлын байртай боллоо.






“Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан дотоодоос эрчим хүчний хэрэглээгээ хангах, импортын хараат байдлаас гарах, урт хугацаанд эрчим хүч экспортлогч улс болох томоохон төсөл хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болсны нэг нь энэхүү Нарны цахилгаан станц юм. Ийнхүү ногоон эрчим хүчийг үйлдвэрлэснээр 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой болов.



Төв цэвэрлэх байгууламжтай болох төслийг эхлүүллээ


Бүгд найрамдах Польш улсын хөнгөлөлттэй зээлээр хоногт 3000 куб.м/ хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж, зураг төслийн ажлыг эхлүүлээд байна.

Энэ төсөл нь хүн амын өсөлт, хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед орон нутаг дахь, иргэдийн эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, байгаль экологийн хувьд өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм.

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор, лагийг боловсруулж бордоо гаргах, бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх бөгөөд хүчин чадал нь одоогийнхоос гурав дахин нэмэгдэх аж. Мөн байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламж юм. 2023 оны тавдугаар сараас  Барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

 

12 барилга байгууламжийг ашиглалтад орууллаа 




Завхан аймагт 2022 онд, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 12 барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Мөн 22.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 8 барилгын ажлыг шинээр эхлүүллээ. 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7 барилгад их засварын ажил хийж байна. Аймгийн хэмжээнд боловсролын салбарт 50.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 17 барилга байгууламж баригдаж байгаа нь нийт хөрөнгө оруулалтын 47 хувийг эзэлж байна.

Тухайлбал 2022 онд Улиастай суманд Жавхлант цогцолбор сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байр, Улиастай сумын 1, 9 дүгээр цэцэрлэгийн байр, Насан туршийн боловсролын төвийн байр тус тус шинээр ашиглалтад орлоо.

 

Эрүүл мэндийн салбартаа бодит хөрөнгө оруулалтыг хийж байна 


Завхан аймаг 2022 онд эрүүл мэндийн салбартаа бодит хөрөнгө оруулалтыг хийж, орон нутагт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдээ дэмжин ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын санаачилгаар “Чадварлаг эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийлээ. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, ариутгал халдваргүйтгэлийн тасагтай болов.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон 11 сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашины парк шинэчлэл хийжээ. Сумуудын эрүүл мэндийн төвүүдийг стандартын ариун цэврийн байгууламж, халуун устай болгожээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Хүүхдийн тасагт 874 сая төгрөгийн санхүүжилтээр бүрэн засвар хийжээ. Мөн Нэгдсэн эмнэлгийн дэргэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг нээжээ. Эрүүл мэндийг дэмжих төвд нийт 370 сая төгрөгийн засвар хийж, 25 нэр төрлийн 907.1 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр ханган үйл ажиллагаагаа явуулж байна.

“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулснаар иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөлийг бүрдүүлжээ.

 

Багш нарын мэдлэг чадварыг ахиулах, ажиллах орчныг нь сайжруулав


Завхан аймаг сурагчдын суралцах таатай орчныг бүрдүүлэх, багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр улсын төсвийн 14,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 19 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.


Аймгийн Засаг даргын санаачилгаар “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх. Тэдний мэдлэг,  ур чадварыг дээшлүүлэх, сурлагын амжилтыг ахиулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд орон нутгийн төсвийн 533,0 сая төгрөгөөр 11 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Мөн боловсролын үйлчилгээний ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн 662,5 сая төгрөгөөр 13 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.


2022 онд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 сургууль, дөрвөн цэцэрлэгт “Багш хөгжлийн төв”-ийг байгуулснаар багш ажлын байрандаа хөгжих боломжийг бүрдүүлж, үр дүнд нь элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо өмнөх оноос 14.6-аар нэмэгдсэн байна.



 

Шинээр 1300 гаруй ажлын байрыг бий болгов


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодитой хэрэгжүүлж байна.

Халамжаас хөдөлмөрт бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж, иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулжээ.

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааны түвшнийг дээшлүүлэн ажилласнаар 10 сум хүнсний эрхийн бичиггүй, хөдөлмөр эрхлэгч сум болов.

Хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрхийн тоо өмнөх оноос 30 хувиар буурсан байна.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, ажил олгогч, иргэд гэсэн гурван талт оролцоог ханган ажиллаж байна. 2022 онд шинээр 1301 ажлын байрыг бий болгосноос, байнгын ажлын байр 694, улирлын чанартай ажлын байр 53, түр ажлын байр 554 байна.

Завхан аймгаас "Хүннү"-ийн үеийн язгууртны булш олдлоо

 

Завхан аймгийн Алдархаан сумын "Ямаан ус" гэдэг газраас Хүннүгийн үеийн язгууртны алтан тоногтой модон австай булш олджээ.

Тодруулбал малтлага хийж найман метрийн гүнээс язгууртны модон авсыг олсон аж. Мөн үүнээс гадна шавар ваар, хүрэл сав, хаш толь, амьтны яс зэрэг олдворууд олдоод байгаа юмТухайн үеийн уламжлалын дагуу алтан тоногтой модон авсны дээр сүйх тэрэгний дугуй байрлуулсан байсан байжээ.

Уг ажил нь ШУТИС-ийн багш, доктор, "Ямаан ус" төслийн архелогийн судалгааны багийн ахлагч Л.Хатанбаатар тэргүүтэй залуус тавь гаруй хоног хийсэн малтлагын үр дүн юм.

Авсны хээ чимэглэлийн хувьд Хүннүгийн үеийн язгууртны булштай яв цав таарч байгаа бөгөөд цээжин хэсгийг нь тоносон гурван дагуул булш мөн олдоод буй юм. Судалгаа, малтлагаар нийт 400 гаруй оршуулгын дурсгал тогтоогдсон бөгөөд 2023 онд малтлагыг үргэлжлүүлэх аж. Хүннүгийн язгууртны булшны малтлага судалгаа нь Монголын археологичдын 2022 оны шилдэг судалгаагаар шалгарчээ.


Ямаан ус”-аас олдсон эд өлгийн зүйлсийг Завхан аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоор олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Энэ нь ойрын 100 орчим жилийн судалгааны томоохон дурсгалт газар болж байгааг археологичид хэлж байгаа юм.

Тиймээс Завхан аймаг эдгээр дурсгалуудыг анхны байдлаараа харагдах шийдлээр тус газарт нь музей, сургалт судалгааны төвийг байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна.

 






 

2023 онд 37 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ


2023 онд Завхан аймагт 37 тэрбум 481.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөнө.

Тухайлбал, хүний хөгжлийн бодлогын хүрээнд 35 арга хэмжээг 1 тэрбум 794.5 сая төгрөгөөр, эдийн засгийн бодлогын хүрээнд 37 арга хэмжээг 5 тэрбум 652.5 сая төгрөгөөр хэрэгжүүлэх аж. Мөн засаглалын бодлогын хүрээнд 20 арга хэмжээг 948 сая төгрөгөөр, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 14 арга хэмжээг 876.5 сая төгрөгөөр, бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд 82 арга хэмжээг 28 тэрбум 209.8 сая төгрөгөөр тус тус хэрэгжүүлэх юм.

Ийнхүү ирэх онд нийт 37 тэрбум 481.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 180 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө гэж Завхан аймгийн ЗДТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэв.  

Холбоотой мэдээ