Турк улс сансрын нисэгчээ Олон улсын сансрын станц руу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-01-02 15:51:51

АНКАРА. /Anadolu/. Турк улс Олон улсын сансрын станц руу сансрын нисэгчээ энэ онд илгээхээр бэлтгэж байгаа тухай тус улсын Үйлдвэр, технологийн сайд Мустафа Варанк өнөөдөр мэдэгджээ. 


“Шаардлагатай бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа бид сансрын нисэгчээ Олон улсын сансрын станц руу 2023 оны хоёрдугаар хагаст илгээж, шинжлэх ухааны судалгаа хийлгэхээр төлөвлөж байна” гэж тэрбээр сансар судлалын үндэсний хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлыг дүгнэхдээ мэдээлсэн байна. 


Түүний хэлснээр, сансар судлалын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Туркийн сансрын агентлагийн боловсруулсан төслүүдийн өртөг зардлыг тооцох, техник-эдийн засгийн үндэслэлийг гаргах ажил хэдийнээ дууссан бол сарыг судлах хөтөлбөр, “Туркийн сансрын нисгэгч ба шинжлэх ухааны хөтөлбөр”-ийг боловсруулах ажил үргэлжилж байгаа ажээ.


Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Туркийн Шинжлэх ухаан, технологийн судалгааны зөвлөл (TÜBİTAK) эрдэмтдийг дэмжих хөтөлбөрөөр дамжуулан сансрын шинжлэх ухааны салбарт 169 хүнд 40.9 сая турк лирийн (2.2 сая ам. доллар) дэмжлэг үзүүлсэн гэж Мустафа Варанк хэллээ. Мөн сансар судлалын чиглэлээр 31 төсөлд 30.2 сая турк лирийн (1.6 сая гаруй ам. доллар) хөрөнгө оруулжээ.

Холбоотой мэдээ