Цалин тэтгэвэр нэмэхгүй хэмээн ойлголцолд хүрснийг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-05 12:48:58

УИХ дахь Бие даагчдыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр энэ 7 хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Хөдөлмөрийн яам, МҮЭ холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтарч, өнгөрсөн 7 хоногт төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх тал дээр ойлголцолд хүрч, уриалга гаргаж байгаагаа мэдэгдсэн. Үүнийг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар эсэргүүцэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тэрбээр улс орны эдийн засаг хүндэрсэн үед харин ч цалин тэтгэврийг нэмэх ёстой. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд улс орлогоо бүрэн авдаг байх, тэр дундаа онцгой албан татварыг өсгөх нь зүйтэй. Парламент сүүлийн 3 жил олигархуудад ээлтэй хандаж, уул уурхай, архи, тамхи, бензин шатахуунд оногдуулдаг онцгой албан татвараа бууруулсан. Энэхүү татварыг одоо нэмэх нь цаг болсон гэсэн байр суурьтай байна.

Мөн 17 дэд сайдын орон тоог цомхотгож байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Оюутолгой болон уул уурхайн салбарт хийсэн гэрээ хэлэлцээрийг эргэн харж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Оюутолгойгоос бид 5 хувийн роялти авдаг. Гурван хувийг нь буцаагаад менежментийн зардал гээд өгдөг. Иймд орлогоо нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж С.Ганбаатар гишүүн ярьлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн томилолттой, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өвчтэй байгаа тул С.Ганбаатар гишүүн хэвлэлийн хуралд ганцаар оролцож байгаа аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд