Ч.Хүрэлбаатар: Гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч, цаашдын хүндрэлээс зайлсхийж чадлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-01-04 14:19:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний тогтоолын хэрэгжилттэй танилцжээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц 3.4 тэрбум долларт хүрснийг мэдээлэв. Ингэснээр Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орох, дефолт зарлах зэрэг эрсдлээс зайлсхийж чадлаа гэдгийг мэдэгдлээ.


Тэрбээр, “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. Цаашдаа Засгийн газраас нүүрсийг уурхайн амны үнээр биш, хилийн үнээр худалдах тогтоол гарсан. Монгол Улс бүх нүүрсээ биржээр зарах талаар гарсан шийдвэрийн дагуу, бэлтгэлийг базааж байна" гэв. Мөн биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг Засгийн газраас батлаад буйг дуулгав.


Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын валютын зах зээл тогтворжиж байна.


Энэ нь Монгол Улсад орж ирэх орлогын хэмжээг нэмэгдүүлж, худалдааг ил тод болгох, нүүрсний гэрээний цаана байдаг гэдэг элдэв яриа хөөрөөнд цэг тавьж, нүүрсийг өрсөлдөж байж худалдан авах, үнэ өсөх зэрэг таатай боломжийг гаргаж өгч байгаагаараа онцлог юм.


Сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг цаашдаа хоёр 7 хоног тутам Засгийн газарт Монгол Улсын валютын нөөцийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг тодорхойлж, танилцуулж явна. Валютын нөөц дээр, валютын ханштай холбоотой эрсдлүүд зогсож байгаа гэж ойлгож болно. Та бүхэн мэдэж байгаа, валют дээр албан болон албан бус ханшийн хоорондох зөрүү 200-300 төгрөгт хэлбэлзэж байдаг. Энэ хэлбэлзэл алга болж, 20 орчим төгрөгийн хооронд болж байна. Ингэснээр Монгол Улсын валютын зах зээл тогтворжлоо гэж хэлж болно. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж эхэлж байна. Цаашид, төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах талаар тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан гэв.

Холбоотой мэдээ