“Омикрон”-ы “XBB.1.5” хувилбарын халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2023-01-05 09:21:22

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-д сүүлийн үед давамгайлан тархах болоод байгаа коронавирусний “омикрон” хувилбарын “XBB.1.5” дэд хувилбарын халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байгаа ч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.


ДЭМБ-ын халдварт өвчний тархвар судлаач Мария Ван Керхове хэлсэн үгэндээ, дэлхий даяарх эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд уг дэд хувилбар АНУ-ын зүүн хойд нутагт хурдацтай тархаж байгаад санаа зовниж байгааг тэмдэглэжээ. АНУ-д “XBB.1.5”-аар халдварласан хүмүүсийн тоо ойролцоогоор хоёр долоо хоног тутам хоёр дахин нэмэгдсэнээр давамгайлан тархаж буй хувилбарын тоонд ороод байгаа юм.


М.Керхове Швейцарын Женев хотноо хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “XBB.1.5” нь одоогоор илэрсэн дэд хувилбаруудаас халдварлах чадвар нь хамгийн өндөр байгааг онцлоод, энэ нь дэд хувилбарын мутациуд вирусийг эсэд нэвтрэх, амархан үржих нөхцөлийг бүрдүүлсэнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.


“Одоогоор “XBB.1.5” нь 29 оронд илрээд байгаа ч цаашид өргөн хүрээг хамран тархаж болзошгүй байна. Вирусний генийн дарааллыг тогтоох шинжилгээ дэлхийн хэмжээнд буурах болсон тул “COVID-19”-ийн хувилбаруудын тандан судлахад хүндрэлтэй болоод  байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


ДЭМБ-д одоогоор “XBB.1.5”-аар халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх эсэхтэй холбоотой мэдээлэл байхгүй хэдий ч өмнөх хувилбаруудтай харьцуулахад илүү гэж үзэх шинж ажиглагдахгүй байгааг М.Керхове мөн онцолсон байна. ДЭМБ-ын зөвлөх бүлэг уг дэд хувилбарын эрсдэлийн үнэлгээг ойрын өдрүүдэд танилцуулах ажээ. 

Холбоотой мэдээ